Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай, Аймаг, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай болон Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулиудыг нэгтгэн Сонгуулийн нэгдсэн хууль болгон боловсруулахаар ажлын хэсэг ажиллаж байгаа. Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Р.Бурмаа ахалж байгаа билээ. Уг хуулийн төслийн талаар УИХ дахь АН-ын бүлэг байр сууриа илэрхийлэх нь битгий хэл хэлэлцээгүй. Харин УИХ дахь МАН-ын бүлэг, “Шударга ёс” эвслийн бүлэг асуудлыг өчигдөр хуралдаанаараа хэлэлцсэн байна.
Тодруулбал, МАН-ын хувьд УИХ-ын сонгуулийн тогтолцоог 100 хувь мажоратор системээр явуулах санал гаргаж, УИХ-ын тогтоолын төсөл өргөн барьсан. Мөн сонгуулийн хуудсыг машинаар бус гараар тоолох хэрэгтэй гэдэг саналыг оруулаад байгаа. Гэхдээ одоогоор нэгдсэн шийдвэрт гаргаагүй байгаа. Учир нь АН-ын бүлгээс шийдвэр гараагүй бөгөөд хэрхэн шийдвэрлэхийг хүлээж байгаа аж.
УИХ дахь МАХН, МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлэг Сонгуулийн нэгдсэн хуулийг хэлэлцээд ирэх зургадугаар сард багтаан тус хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэн батлах ёстой гэж үзжээ. Уг хуулийн төсөлтэй холбогдуулан эвслийн бүлгээс Монгол Улс бүхлээрээ нэг тойрог, нэр дэвшигчээ нэг хуудсанд багтаан бичээд, сонгогч дэмжиж байгаа нэр дэвшигчийнхээ өмнөх дугаарыг дугуйлснаар намд мөн давхар санал ирдэг байх, ингэхдээ нам бус ард түмэн сонголтоо хийх өргөн боломжийг олгосон байдлаар сонгуулийн хуулийг батлах ёстой гэсэн байр суурь барьж байгаагаа бүлгийн дарга Н.Батцэрэг онцоллоо.
Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд гадаадад байгаа иргэдээс санал авах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг саналаа өгөх нөхцөл боломжоор хангах зэрэг хэд хэдэн дэвшилттэй заалтуудыг оруулсан. Тиймээс эдгээр заалтуудыг нэгдсэн оруулах шаардлагатай гэж ажлын хэсгийнхэн үзэж байгаа. Үүнээс гадна олон сайжруулсан заалт оруулах болно гэдгийг ажлын хэсгийнхэн хэлсээр байгаа.
Харин АН-ын зүгээс УИХ-д өргөн барихаар зэхэж буй Сонгуулийн нэгдсэн хуулийн төсөлд УИХ-ын сонгуулийг пропорциональ буюу 28:48 гэсэн хувилбараар явуулахаар төлөвлөөд байгаа. Ингэхдээ хугацаа хожин бусдыг буулт хийлгэх арга ашиглаж байгаа. Ингэснээр тэд сонгуулийн хуулийг өөрсөддөө ашигтайгаар эргүүлэх боломжтой болж байгаа юм. АН-ынхны хувьд хэлэлцүүлэг хийгээд бусдын санаа бодлыг сонсчихсон, хэний гарт ямар “хөзөр” байгааг мэдэж байгаа. Гагцхүү тохиромжтой цагийг л хүлээж байгаа. Харин энэ хуулийг хэлэлцэх тохиромжтой хугацаа яг хэзээ гэдэг нь тодорхойгүй л байна. Үүнийг АН-ын гонжролт гэж дүгнэхээс өөр яахав…
Эх сурвалж: www.dorgio.mn