Аж үйлдвэрийн яамны дэргэдэх Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн дэд захирал Д.Рэнцэнтэй ярилцлаа.
– Танай сан өнгөрсөн сард хөнгөлөлттэй зээлд хамрагдах аж ахуйн нэгжүүдийн төслийн материалыг хүлээн авсан. Энэ жилийн хувьд төслийн санхүүжилтэд зарцуулагдах нийт мөнгөн дүнгийн хэмжээ өмнөх жилүүдийнхээсээ өөрчлөгдсөн үү?
– Сүүлийн хоёр жилийн байдлаар Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан 947 төсөлд 150 тэрбумын төгрөгийн санхүүжилтийг арилжааны банкуудаар дамжуулан хийсэн байдаг. Энэ жилийн хувьд санд хувиарлагддаг мөнгөн төсвийг багасгах бодлого холбогдох байгууллагуудаас бариагүй учраас бид өмнөх жилүүдийн адил ойролцоогоор 70 тэрбум төгрөгөөр төсөл санхүүжүүлнэ.
– Аймгуудад нийт санхүүжилтийн хэчнээн хувь нь хувиарлагдсан бэ?
– Аж үйлдвэрийн сайдын тушаалаар энэ жил аймгуудад 9 тэрбум 130 сая төгрөгийг хуваарилсан. Энэ нь нэг аймагт ойролцоогоор 400-500 сая төгрөг очно гэсэн үг. Орон нутгуудад уг төслийн ажилтай холбогдуулан таван хүний бүрэлдэхүүнтэй дэд хороо үүсгэдэг. Аймгуудын засаг дарга нар дэд хороогоо удирдан, жижиг дунд үйлдэрлэл хөгжүүлэх мэргэжилтэн нь нарийн бичгээ хийгээд, гурван хүний баг үүсгэн, түүнийгээ сайдаар батлуулснаар төслийнхөө ажлыг явуулах эрх, үүрэг хүлээдэг.
– Тэгэхээр нийслэлийн хэмжээнд танай сангийн зүгээс 60 тэрбум орчим төгрөгөөр Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч нараа дэмжинэ гэсэн үг үү?
– Энэ жилийн төслийн хүлээн авалт нийслэлийн хэмжээнд гурван долоо хоногийн турш явагдаж, өнгөрсөн сарын дунд үеэр дуусгавар болсон байгаа. Одоогоор төслүүдийг манай зээл төслийн мэргэжилтэнгүүд судалж, дараагийн хуралд бэлтгэх шат руу оруулах эсэх дээр ажиллаж байна. Нийт төсвийнхөө хүрээнд яривал 60 орчим тэрбумаар нийслэлийн жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжинэ гэсэн үг. Гэхдээ аж үйлдвэрийн салбарын бодлого, засгийн газрын үйлдвэрлэлийг дэмжих чиглэлүүдээ барин ажилладаг учраас яг тухайлсан салбар луу төдий хэмжээний төгрөг орно гэдгийг тооцоолох боломжгүй.
– Төслүүдийг дэмжих чиглэлд энэ жил санхүүжилт хүсэх хэмжээнд нь тодорхой хязгаар тогтоож байгаа юу?
– Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан ерөнхийдөө дээд байгууллага, өөрөөр хэлбэл яамныхаа бодлогын хүрээнд энэ асуудлаа шийдэж ирсэн байдаг. Тухайлбал, хөдөлмөрийн яамны харьяанд байхдаа төслийн санхүүжилтийн доод хэмжээг 200 сая, дээд хязгаарыг хоёр тэрбумд хүртэлх хэмжээнд хамааруулах бодлого барихын зэрэгцээ тухайн төслийн ажлын байр нэмэгдүүлэх чадамжийг чухалчилдаг байсан. Харин Аж үйлдвэрийн яамны харьяат болсноор чиг үүргийнхээ дагуу үйлдвэрлэлийн бодлогыг дэмжих тал руу түлхүү анхаарах болсон. Энэ утгаараа төслийн санхүүжилт шаардагдах доод хэмжээг нарийвчлан зааж өгөхийг чухалчлаагүй. Өөрөөр хэлбэл, энэ жил таван, арав, хорин сая төгрөгийн санхүүжилт шаардагдах төслийг ч гэсэн хүлээж авсан гэсэн үг.
– Үйлдвэрлэлийг дэмжих сангийн бодлогод мөнгөний доод хэмжээ тогтоохгүй байх нь харшлахгүй юу?
– Борлуулалтын орлого нь 1.5 тэрбум хүртэлх мөнгөн дүнтэй аж ахуйн нэгжийг жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч гэж нэрлэнэ гэсэн хуулийн заалт бий. Ер нь мөнгөн дүнгийн хэмжээ их байх тусмаа үйлдвэрлэлийн бүтээмж өндөртэй, ажлын байрны чадамжтай төслүүд хэрэгжих боломжтой болдог. Сангийн зүгээс энэ жил хүлээн авах төслүүддээ мөнгөний доод хэмжээ тогтоож өгөөгүй ч гэсэн ерөнхийдөө үйлдвэрлэлийг дэмжих чиг үүргийнхээ хүрээнд төслүүдээ хянана. Нөгөө талаас бага мөнгөн дүнтэй ч сайн төслүүд ирэхийг үгүйсгэх аргагүй.
– Харьяа яамныхаа чиг үүргийн дагуу энэ жилийн тухайд танайх аль салбарын төслүүдийг түлхүү дэмжих бэ?
– Өнгөрсөн жилүүдэд олгогдсон төслүүдийн 60-70 орчим хувь барилгын салбарынх байдаг. Энэ жил манайх импортыг орлох, экспортыг дэмжсэн төслүүдээ түлхүү дэмжинэ. Ингэхдээ мал аж ахуй, газар тарилан гэхчлэн ерөнхий схемээр нь ангилж харах юм. Гэхдээ бүх салбаруудын төслийг тэнцвэртэй дэмжинэ гэсэн үг бас биш. Тухайлбал, аж үйлдвэрийн яамны бодлого чиглэлээр аялал жуулчлалын салбарын төслийг дэмжих нь өөрөө зохимжгүй хэрэг болно.
– Аялал жуулчлалын чиглэдээр төсөл ирсэн хэрэг үү?
– Ер нь үе үе ая жуулчлалын төслүүд ирдэг.
– Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан өөрөө батлан даалт гаргадаг болох тухай яригдаж байгаа. Энэ ажил ямар шатанд явж байгаа бэ?
– Давхар батлан даалтын бодлогын баримт бичиг одоохондоо батлагдаагүй учраас хүлээлттэй байна. Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн үндсэн чиг үүрэгт давхар батлан даалтын асуудал ордог. Гэхдээ зээлийн батлан даалтын сангийн үйл ажиллагаанаас өөр л дөө. Зарим төслүүд манай сангаас дэмжигдсэн ч арилжааны банкин дээр очоод ямар нэг шалгууртаа тэнцэлгүй уначихдаг. Төслийг аваад үзэхэд үйлдвэрлэлийг хөгжүүлэх бодлогод нийцсэн, цаашид ашигтай ажиллаж болохуйц харагдаад байдаг. Яг энэ мэтээр сангаас төсөл нь дэмжигдсэн ч уначих магадлалтай төслүүдэд манайх өөрөө батлан даалт хийдэг болно гэсэн үг юм.
– Өмнөх жилүүдэд олгосон төслүүдийнхээ хэрэгжилтэд сангийн зүгээс ямар хяналт тавин ажилладаг бэ?
– Манай сангаас дэмжигдээд банкны шалгуурыг даван, зээлээ авчихсан тохиолдолд эрсдлийг банк 100 хувь өөртөө үүрдэг. Энэ утгаараа төсөл авсан биенес эрхлэгчид эдийн засгийн ямар ч чадамжгүй болчихоогүй л бол эргэн төлөгдөх байдалд манайхаас хяналт тавиад байх шаардлага үүсдэггүй. Ер нь банкны үзүүлэлтийг аваад үзэхэд хоёр ч байгууллагын шалгуурыг давсан учраас эргэн төлөлт их сайн байгаа нь харагддаг. Хамгийн гол нь төрийн мөнгийг төсөл анх хүссэн зориулалтаараа ашиглаж байна уу гэдэгт сангийн зүгээс хяналт тавих ёстой. Ийм төрлийн шалгалтууд өмнө нь хийгдэж байгаагүй юм билээ. Харин өнгөрсөн хавар манайхаас албан ёсны мониторонгийн баг байгуулагдаж 21 аймаг, нийслэлийн есөн дүүрэг дэх 2 мянга гаруй харилцагчидынхаа үйл ажиллагаанд анх удаа хяналт тавьсан. Одоогоор яамны хяналтын газар шалгалтын дүнг нэгтгэж байгаа. Дүн нэгтгээд дуусангуут олон нийтэд ил тодоор мэдээлэх юм.
– Төслийн мөнгийг зориулалтын бусаар зарцуулсан тохиолдолд ямар арга хэмжээ авах уу?
– Нэгэнт жижиг дунд бизнес эрхлэгч, банк, манай сан гурвын хооронд зээлийн гурван талт гэрээ байгуулагдчихсан учир зээлийг шууд таслан зогсоох боломжгүй. Тэгэхээр ийм төрлийн зөрчил илэрсэн тохиолдолд жижиг дунд бизнес эрхлэгчид сангийн зүгээс олгож буй есөн хувийн хүүг хүчингүй болгож, шууд банкны хүүнд шилжүүлэх арга хэмжээ авна.
– Төслийн сонгон шалгаруулалт яг ямар журмаар явагддаг нь иргэдийн сонирхолыг татсаар ирсэн?
– Хамгийн түрүүнд төсөл авах хугацааг хэвлэл мэдээллээр зарлаж, хүлээн авсныхаа дараа тодорхой хугацаанд мэргэжилтнүүд үнэлгээ хийдэг. Мэргэжилтнээс хэрэгжих боломжтой гэсэн дүгнэлт хийсэн төслүүдийг нэгтгэн төсөл сонгон шалгаруулах хороо хуралдаж шийдвэрээ гаргах замаар сонгон шалгаруулалт явагддаг. Хорооны хурлын дараа дэмжигдсэн ба цуцлагдсан бичгийг журмын дагуу иргэд аж ахуй нэгжүүдэд хүргүүлнэ. Товчоор хэлбэл ийм маягаар л ажил явагддаг.
– Ярилцсанд баярлалаа.
Ж.Мядагбадам