-УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатарын үүсгэн байгуулсан “Монроуд” компани Хөгжлийн банкнаас 30 сая ам.доллар авч, түүнийхээ дараа нэг ч зам бариагүй тухай хэвлэл мэдээллээр мэдээлэл гараад байгаа билээ. Тэгвэл энэ асуудлаар УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар дараах байр суурийг илэрхийлсэн байна. Тэрбээр, “Монроуд бол миний үүсгэн байгуулсан компани. Би ямар нэг төрийн өмчийг хувьчилж, худалдаж аваагүй. Бүр тэгээс нь эхлээд үйл ажиллагаа явуулж өнөөдрийн хэмжээнд энэ компанийг авчирсан нь нууц биш. Удирдлагаас нь хөндийрөөд арваад жил болчихлоо. Энэ компани дэд бүтцийн тэр дундаа авто замын салбарт үйл ажиллагаа явуулдаг. Сайн, муугаар олон жил яригдаж байгаа аж ахуйн нэгж. Асуудал юунаас үүссэн бэ гэвэл АТГ-ын мэдээлэл дээр Хөгжлийн банкийг шалгаж байх үеэр 30 гаруй тэрбум төгрөгийг Монроуд компанид шууд өгсөн байна гэж ярьсан юм. Үүнийг улс төржүүлж байгаа. Сүүлийн үед улстөржүүлэх болсон нь мөн МАН-аас улбаатай. Цогоо гэдэг хүн дамжуулж байна. Шалтгаан нь их хялбархан.
Эдийн засгийн байнгын хороо Хөгжлийн банкийг шалгах ажлын хэсгийг байгуулсан. Тэр ажлын хэсэгт би орсон. Эдийн засгийн байнгын хорооноос ажлын хэсгийн даргыг томилдог. Дэд ажлын хэсгийг мөн байнгын хорооны дарга томилдог. Тэр дэд ажлын хэсэгт МАН-ын бүлгийн ажилтнууд ороогүй юм, уг нь. Гэтэл МАН-аас ажлын хэсгийг ахалсан Л.Энх-Амгалан гишүүн намын бүлгийнхээ ажилтнуудыг дагалдуулан Хөгжлийн банкин дээр очиж мэргэжилтнүүдийг нь айлган сүрдүүлсэн ажиллагаа хийсэн байдаг юм. Асуудлыг байнгын хороон дээр хөндсөн. Байнгын хорооны даргын гаргасан тогтоолд орсон хүмүүс ажлын хэсэг, дэд ажлын хэсгийг бүрдүүлдэг болохоос бус хэн дуртай хүн нь очиж болохгүй, дүрэм журмаараа явах ёстой гэдгийг ярьсан. Цогоо гэдэг хүн тэгэхэд орсон учраас энэ дагуу л над руу дайрч байгаа юм. Айгаад, эмзэглээд байх асуудалгүй. Би очиж уучлалт гуйх юм гэнэ. Би тэр хүнтэй очиж уулзах юм гэнэ. Тийм юм байхгүй. Би хийх ёстойгоо хэнээр ч заалгалгүй хийнэ. Хэрвээ буруутай байвал асуудлаа шийдээд явна. Энэ бол цэвэр улс төрийн тоглоом. Л.Энх-Амгалан гишүүн “Энержи ресурс”-тэй холбоотой хүн. Энэ утгаараа явцуу хүрээнд энэ ажиллагааг зохион байгуулж байна уу гэж би хардах эрхтэй. Хардаж ч байна. Яагаад гэвэл АН-ын бүлгийн дарга гэдгээр асуудалд хандаад байна.
-Сонгуулийн тухай хуулийн ажлын хэсгийг ахалж буй УИХ-ын гишүүн Р.Бурмаа хуулийн төслийн талаар дараах байр суурийг илэрхийлжээ. Тэрбээр, “Бүх намын төлөөлөл оролцсон УИХ дахь Ажлын хэсэг хуралдаад УИХ-ын сонгуулийн тогтолцооноос бусад бүх асуудал дээрээ санал нэгдсэн. Үг үсэг, цэг таслал дээр өгүүлбэр болгоноор нь ажилласан.
96 хуудас хууль бий. Эндээс хоёр заалт дээр мэргэжлийн байгууллагаас нь санал авах нь зүйтэй гэж үзсэн. Тогтолцоог бол одоогийн хуулийн төсөлд 28 нь намын жагсаалтаар, 48 нь нэг мандаттай тойргоос сонгогдох хувилбар явж байгаа. Гэхдээ энэ асуудал одоогоор нээлттэй байгаа.
Сум, дүүрэг, аймаг, нийслэлийн сонгуулийг 100 хувь мажаротар системээр явуулна. Орон нутгийн сонгууль УИХ-ын сонгуультай хамт явагдахаар өргөн баригдсан. МАН энэ асуудлыг эргэж бүлэг дээрээ яриад саналаа өгөхөөр болсон, бусад намуудын тухайд саналаа өгчихсөн. Сонгууль зургадугаар сарын сүүлийн долоо хоногийн ажлын өдөр байна. Сонгуулийн тухай хуульд сонгуулийн үеийн санхүүжилтын асуудлыг зохицуулсан. Ингэхдээ сонгуульд зарцуулах дээд хэмжээг өмнө нь СЕХ тогтоодог байсныг энэ удаа Аудитын газар тогтооно.
Мөн телевизээр гарах нэвтрүүлэг дээр зохицуулалт орсон. Тухайлбал тухайн телевиз аль нэг намыг дагнасан нэвтрүүлэг, сурталчилгаа явуулахыг хориглож байгаа. Телевиз радиогийн нэвтрүүлгийн цагийг тэгш хуваарилах, ижил хэмжээний хэвлэмэл хуудас материал тараах зэргээр нэр дэвшигчдийг тэгш өрсөлдөх боломжоор хангасан. 18 нас хүрээгүй хүүхдийг сонгуулийн сурталчилгаанд ашиглаж болохгүй гэсэн заалттай холбогдуулан Хүүхдийн төлөө газар, хүний эрхийн байгууллагаас санал авахаар болсон.
Бас сонгуулийн үед цахим орон зайн сурталчилгаанд ямар зохицуулалт хийх нь тохиромжтой талаар мэргэжлийн байгууллагаас санал авна. Цахим орон зайг хэрхэн зохицуулах вэ, тэгш боломжийг яаж хангах вэ, нэр дэвшигчийг үндэслэлгүйгээр гүтгэвэл яах вэ зэрэг олон асуултууд бий. Өмнөх сонгуулийн хуулиуд дээр ийм асуудал байгаагүй учир мэргэжлийн байгууллагаас санал авахаар болсон. Ирэх долоо хоногт хуулийн төслөө УИХ-д өргөн барихад бэлэн болно.
-Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди энэ сарын 17-нд Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн урилгаар манай улсад айлчлал хийх гэж байгаа билээ. Тэгвэл эрхэм Ерөнхий сайд өөрийн “Twitter” хуудсаараа дамжуулж монгол, англи хэлээр мэндчилгээ дэвшүүлсэн байна.
Үүнийг тус олон нийтийн сүлжээний Монголын хэрэглэгчид талархан хүлээж авсан бөгөөд биднийг хүндэтгэж байгаагийн илрэл хэмээжээ. Тэрбээр, “Дипломат харилцааны 60, Монголын ардчиллын мөнгөн ойг тэмдэглэхээр тавдугаар сарын 17-нд Монголд айлчлах гэж байгаадаа баяртай байна. Тавдугаар сарын 17-нд Улсын Их Хурлын чуулганд үг хэлэхдээ нэн баяртай байна.
Монголыг бүх салбарт үргэлжлүүлэн дэмжихээ би дахин илэрхийлье. Ардчилал, буддизм нь бидний оюун санааны хөрш Монголтой Энэтхэгийг холбодог. Танай улстай их худалдаа, их хөрөнгө оруулалт хийхийн төлөө байна” хэмээжээ.
-УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан Тавантолгойн төслийн ажлын хэсгийн ахлагч Л.Эрдэнэчимэг анхны мэдээллээ өглөө. Тэрбээр, “Тавантолгойн ордыг ашиглах Төслийн компани “Энержи Ресурс” болон түүний толгой компанийн 2014 оны санхүүгийн тайлантай танилцах явцад дараах нөхцөл байдал илэрлээ.
Тавантолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтад тооцож байгаа нэг тэрбум долларын “Энержи Ресурс” компанийн эзэмшилд байгаа цахилгаан станц, нүүрс угаах үйлдвэр, усны байгууламж, бараа материал, бэлэн мөнгө зэрэг нь ЭБРД, ФМО (Нэдэрландс) ДЭГ (Гэрманы), БНП Парибас, Монголын Худалдаа хөгжлийн банк зэрэг банкнуудын нийт 570 сая ам .долларын зээлийн барьцаанд байна. Мөн “Энержи Ресурс” ХХК-ийн хувьцааг 100 хувь эзэмшигч толгой компаниуд болох “Монголиан Цоал Цорпоратион” (Луxэмбург), “Монголиан Цоал Цорпоратион” Лтд (ХК) компанийн хувьцаа нь толгой компани болох “Монголина Мининг Цорпоратион” (Цаыман Исланд) компанийн гаргасан 600 сая ам. долларын бондын барьцаанд барьцаалагдсан нь тодорхой боллоо.
Энэ бүх зээлийн болон бондын төлбөрийн нийт дүн тэрбум 170 сая ам.доллар болж байна. Иймд эдгээр компаниудын сүүлийн гурван жилийн үйл ажиллагаанд компани тус бүрээр санхүүгийн болон хуулийн дүн шинжилгээ хийлгэх шаардлагатай гэж ажлын хэсгээс үзлээ. Санхүүгийн болон хуулийн дүн шинжилгээг олон улсад нэр хүнд бүхий зөвлөгөө үзүүлэгч, хөндлөнгийн байгууллагаар хийлгэсэн байх шаардлагатай. Дээрх утга бүхий албан тоотыг ЗГХЭГ-т илгээсэн бөгөөд хариу ирүүлэх хүртэл гэрээний бусад заалтууд дээр үргэлжлүүлэн ажиллаж байна” хэмээжээ.
Эх сурвалж: www.mminfo.mn