Comment.mn

Цалин, тэтгэвэр нэмэх боломжгүй

 

 

 

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд гишүүдийн 84.6 хувийн саналаар төслийг хэлэлцэхийг дэмжлээ. Сангийн яамны холбогдох албан тушаалтны тайлбараар ирэх онд цалин, тэтгэвэр нэмэхгүй юм байна. Энэ нь эдийн засаг хүнд байгаатай холбоотой аж.

 

Засгийн газар Үндсэн чиглэлийг боловсруулахдаа ирэх онд эдийн засгийн өсөлт 5 хувь, инфляц 6-7 хувьтай байхаар төсөөлсөн бол нэг хүнд ногдох ДНБ-ийн хэмжээ 4400 ам.доллартай тэнцэнэ хэмээн заажээ. Харин ажлын байрны тухайд ажлын байр шинээр бий болгоход хүндрэл учирч байгаа тул ажлын байрыг хадгалах, түр ажлын байр бий болгоход анхаарч ажиллахаар Үндсэн чиглэлд тусгасан байна.

 

Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат “Засгийн газар экспортын бүтээгдэхүүний үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх, ажлын байраа хадгалж үлдэх нь чухал гэж үзэж байна. Эдийн засгийн өсөлт зогсонги байдалд орсон үед цалин, тэтгэвэр нэмэх амлалт өгөх нь бүтэшгүй амлалт болж хувирна. Бодит байдлаа зөвөөр дүгнээд Оюутолгой, Тавантолгойн төслүүдээ хэрэгжүүлэх, олон аж ахуйн нэгж борлуулалтгүй болж байгаа тул үйл ажиллагааг нь дэмжих. Хөрөнгө оруулалт татарснаас валют багассан. Дээр нь экспортын үнийн уналт төсөвт хүндрэл учруулж байгаа тул Засгийн газар эрчим хүч, авто замын зарим ажлыг Концессын гэрээгээр гүйцэтгүүлэхээр шийдвэр гаргасан. Гадаадаас зээл тусламж авахын тулд өрийн таазыг эргэж харах шаардлага үүсэж байгаа” хэмээн хэллээ.

 

УИХ-ын гишүүн Ц.Баярсайхан “Дэлхийн эдийн засаг, Монголын эдийн засаг амаргүй байна. Гэтэл бодит байдалдаа дүн шинжилгээ хийх чадвартай улс төрийн хүчин алга. Бодит байдалд дүгнэлт хийхэд мэргэжлийн байгууллага сэтгэл гаргаж ажиллахгүй байна, зөвхөн Засгийн газарт бүхнийг даатгадаг. Уг нь эдийн засгийн төлөвлөлтөө хэдэн жилээр харах ёстой, өмнө нь энэ асуудлыг ярьж байгаад Үндэсний хөгжлийн шинэтгэлийн хороог байгуулсан ч татан буулгасан. Энийгээ тогтох шаардлага байна” гэсэн юм.

 

Харин УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан “Гаднынхан биднийг яаж харж байна вэ гэдгийг бид толинд харж байх ёстой. Хоёрдугаарт, Олон улсын валютын сангаас Монголын төсөв, мөнгөний бодлого сул байна гэсэн зөвлөмж гаргасан байсан, түүнийг хүлээж авах ёстой. Монголын эдийн засгийн өсөлтийг АНУ, Хятадтай харьцуулж харж болохгүй, хөгжлийн төвшин, эдийн засгийн төвшин ойролцоо улсынхтай жиших. Ингэхгүй бол үндсэн чиглэл бодитой төлөвлөгдөхгүй” гэлээ.

 

Г.Мягмарсүх

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.