Эх сурвалж: www.sonin.mn
Монгол улсын Ерөнхий сайдаар ажиллаж байгаад өнгөрөгч 2014 оны сүүлээр огцорсон УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг сүүлийн үед Ч.Сайханбилэгийн удирдсан Засгийн газар болон МАН-аас томилогдсон сайд нарыг хурцаар шүүмжлэх боллоо.
4 сарын 28-нд хуралдсан УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны үеэр тэрээр :
“Ийм хариуцлагагүй байдлаар Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг ярьж болохгүй. Би Д.Лүндээжанцан гишүүнтэй санал нэг байна. Манайхан ажил ярих болохоор бүгд алга болдог. Засгийн газрыг төлөөлөөд энд сууж байгаа хүмүүс гишүүдийн асуултад хариулж чадна гэдэгт эргэлзэж байна. С.Баярцогтод би “Сонгууль болоогүй байхад ядаж төрийн нарийн бичгийн дарга нараа байлгаарай” гээд хэлээд байхад төрийн албан хаагчдаа солиод тавьчихсан. Ийм зүйл хийчихээд өнгөрсөн хоёр жилд юу хийснээ ярина гэж байхгүй. Хуучин сайд нарыг оруулж ирээд ямар ажил төлөвлөөд алийг нь хийсэн, хийгээгүй, заавал хийх ёстой ямар ажил байна, мөнгө төгрөгөө яаж хуваарилах талаар яримаар байгаа юм. Ийм үхээнц, хэлбэрдсэн, цаг нөхцөөсөн байдлаас УИХ гарах хэрэгтэй. Засгийн газар бол тас, няс гээд асуудлаа ярьчихдаг юм. Гэтэл энд хуралдаа цугласан ч юм алга…Д.Оюунхорол сайд ямар бодлого хэрэгжүүлэх гээд сууж байгаа юм. МАН-ын амлалтаас энд нэг их ороогүй биз дээ. Одоо жил хүрэхгүй хугацаанд үүнийг цааш нь яаж үргэлжлүүлж ажиллах юм. Би ойлгохгүй байна. Ер нь бодлогоо ойлгож байна уу гэдэгт эргэлзэж байна. Сэтгэл тавьж хийж чадна гэдэгт ч итгэлгүй байна. Хоёр жил хүмүүсийн хийсэн ажлыг нөхнө гэдэг хэцүү. Ч.Сайханбилэг гарч ирээд “Эдийн засаг, Эдийн засаг, Эдийн засаг” гэж хэлсэн. Үүнийг би ойлгохгүй байгаа юм. Хүнээ хаяж болохгүй биз дээ. Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлээд дуусах ёстой. Эсвэл хамтарсан юм бол мөрийн хөтөлбөрөө боловсруулаад оруулж ир.” хэмээсэн юм.
Тэгвэл өчигдөр мөн л УИХ-ын Төрийн Байгуулалтын Байнгын хороо хуралдаж, асгийн газрын мөрийн хөтөлбөрийг эрчимжүүлэх тогтоолын төслийг хэлэлцэх үеэр тэрээр МАН-д шүүмжлэлтэй хандлаа.
Тодруулбал тэрээр:
“МАН засагт хамтарвал хамтарсан шиг, хамтарч чадахгүй бол зайгаа тавиад өг. Хариуцлага хүлээх нь хүлээг. Явж явж АН л хариуцлага хүлээнэ шүү. Хоёр Энхболд дарга нийлээд асуудлаа шийдээч ээ. Хамтраад алаад өгнө л гэсэн биз дээ. Баахан мөнгө ярьсан хүмүүс. Хоёр толгой ярьсан, аль нь ч бүтдэггүй. Битгий ийм хоёрын хооронд өөх ч биш, булчирхай ч биш бай” гэв.
Ийнхүү МАН-ынхныг Засгийн газраас гарахыг шаардсан агуулгатай зүйл ярих болсон тэрээр энэ долоо хоногийн сүүлээр хэвлэлийн бага хурал хийлгэж, Тавантолгойн ордод хөрөнгө оруулагчийг сонгох гэрээтэй холбоотой асуудлаар байр сууриа илэрхийлэх гэж буй аж.
Э.Мягмардорж