Бид нэг үеэ бодоход асуудлыг хэдэн мянган талаас нь хэлэлцэж, судалдаг, хэрэлддэг болсон байна. Долоо хэмжиж нэг огтлохын тулд ард түмнээрээ хуваагдаж, парламент дотроо, Төрийн гурван өндөрлөг нь талцан хуваагдаж байна. Монголын ард түмэн бас хоёр талд зогсчихсон. Цахим ертөнцөд идэвхтэй жиргэдэг, твиттерээр үзэл бодлоо хуваалцдаг дундаж насныхан хүртэл хоёр тал болон хэрэлдэж, хэлэлцэж байгаа. Эндээс л үр дүн гарах учиртай.
Одоогоос тав зургаан жилийн өмнө бид ингэж ярилгүйгээр, хэрэлдэлгүйгээр Оюутолгойгоо тавиад туучихсан. Төрийн өндөрлөгт эрх мэдэл дээр суугаа хоёрхон хүний гарын үсгээр асар том ордоо өгөөд л явуулчихсан. Харин хожимдсон хойно нь мянга түм орилоод ч асуудал шийдэгдээгүй. С.Баяр шиг дайсан өнөөдөр байхгүй мэтээр харааж суугаа. Хэрэв дөрөвдүгээр сарын 6-ны өдөр М.Энхсайханд боломж олгоод явуулчихсан бол хожим 2500 төгрөгөөр бид яах юм бэ. 20 жилийн дараа авах ашгаар “Эрдэнэс Тавантолгой” юу бүтээх юм.
Тэр ч байтугай батлан хамгаалах, үндэсний аюулгүй байдал, нийтийн ашиг сонирхлоо хамгаалсан шийдвэр Засгийн газар гаргах эрхгүй тийм гэрээнд гарын үсэг зурах байлаа шүү дээ. Гадны оффшор бүсэд байршилтай, хувьцаагаа нээлттэй арилжаалах боломжтой компанийг анх гэрээний төсөлд оруулсан гэдгээ Ж.Оджаргал “100 чухал сэдэв” нэвтрүүлгийн үеэр хүлээн зөвшөөрсөн. Тэрбээр, “Анхнаасаа MMC гэж буруу ойлгуулчихсан нь бидний буруу.
“Энержи Ресурс” юм шүү гэдгийг одоо зөв ойлгуулах ёстой” хэмээн ярьсныг олон ч хүн сонссон. Хөрөнгө оруулалтын гэрээг анх ярьж эхлэхдээ М.Энхсайхан “Энержи Ресурс” их хэмжээний өртэй, алдагдалтай ажиллаж байгаа. “Энержи Ресурс”-ын Ухаа худаг дээр хийсэн бүтээн байгуулалт нь гадаадын банкны барьцаанд байгаа гэдгийг ил тод хэлчихсэн бол асуудал арай өөр эргэх байсан.
Тиймээс монголчуудын мэдэхгүй өнгөрч байгаа, хэдхэн хүний дунд хуйвалдаан хэлбэрээр өрнөөд өнгөрөх байсан асуудлыг УИХ-ын гишүүд хөндөж гаргаж тавиад, хэвлэл мэдээллээс ард түмэн олон янзын мэдээллийг шүүрдэн уншиж байгаа нь давуу тал юм. Нэгэнт эхэлсэн энэ ярианы эцсийг үзэх нь одоо хамгийн чухал байна. Тавантолгойн ордыг ашиглахдаа элдвийн ил далд лобби, аль нэг компанийн луйвар булхай, цөөхөн хэдэн гишүүдийн хуйвалдаан хэрэггүй юм.
Нэгэнт л гэрээ олны анхааралд орж “Энержи Ресурс” ингэтлээ зүтгэж Засгийн газарт дарамт үзүүлсэн асуудал олон нийтэд ил болчихлоо шүү дээ. Тиймээс Тавантолгой дээр нууц гэж байх ёсгүй гэдгийг нь М.Энхсайхан сайд болон “Энержи Ресурс” компани, Ж.Оджаргал нар ойлгоосой. Хуйвалдаан хийгээд ч одоо хол явахгүй. Монголчууд таван жилийн дотор олон зүйл ойлгосон. Хувийн нэг компанийн талд парламент дотроо бүлэглэл болчихсон байгаа нь төрийн чадамж суларч мөнгөтэй хүн төрийг удирдах хэмжээнд хүрчээ гэдгийн баталгаа болж байна. Энэ бүлэглэлийг улстөрчид “Нүүрсчдийн нам” гэж нэрлэж байгаа юм гэнэ лээ.
Эх сурвалж: www.mminfo.mn