Мөн мал, амьтан, ургамлын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний гарал үүсэл, баталгаажилтын байдалд тандалт судалгаа хийх, худалдааны газруудад шошгын зөрчилтэй түүхий эд, бүтээгдэхүүнийг илрүүлж, зөрчлийг арилгуулах арга хэмжээ авах аж. Энэ үеэр “Хүнсний тухай”, “Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай” хууль шинээр батлагдсанаар хүнсний чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Мэргэжлийн хяналтын байгууллагад мэдээллээ бүртгүүлдэг мянган аж ахуйн нэгж тус байгууллагад мэдээллээ бүртгүүлсэн байна. Тиймээс энэ бүртгэл мэдээлэлд хамрагдаагүй аж ахуйн нэгж, байгууллага мэдээллээ бүртгүүлэх боломжтой гэдгийг зохион байгуулагчдын зүгээс онцолж байв.
Хүнсний аюулгүй байдлыг хадгалахад бүтээгдэхүүний сав баглаа боодол чухал ач холбогдолтой. Зориулалтын бус тэр тусмаа хуванцар саванд хадгалсан хүнсний бүтээгдэхүүн хэрэглэснээр хүн олон жилийн дараа хорт хавдраар өвчлөх эрсдэлтэйг мэргэжлийн хүмүүс хэлдэг. Гэтэл иргэд сүүлийн үед хүнсний зориулалтын бус хуванцар савыг хүнсний бүтээгдэхүүн хадгалах зорилгоор ихээр хэрэглэх болсон. Тэр тусмаа хөдөө, орон нутагт хүнсний зориулалтгүй хуванцар саванд ус болон сүү, айраг зэрэг цагаан идээг хадгалах нь ихэссэн. Үүнтэй холбоотойгоор “Эрүүл хөрс- Эрүүл хүнс” аяны нээлтийн үеэр иргэдэд сэрэмжлүүлэг болгох үүднээс төрөл бүрийн хуванцар савнуудыг авчирч дэлгэсэн байв. МХЕГ-ын Худалдаа, үйлдвэр үйлчилгээний хяналтын хэлтсийн дарга Л.Гэрэлмаа, “Ямар хуванцар савыг хүнсний зориулалтаар хэрэглэх, ямар нь болохгүй вэ гэдгийг мэдээлэх зорилгоор хуванцар савнуудыг авчирсан. Хуванцар сав нь зориулалтаараа кодтой байдаг. Нэг, тав гэсэн кодтой хуванцар савыг хүнсэнд хэрэглэж болно. Хоёр, дөрөв кодтой хуванцар савыг зөвхөн нэг удаа хэрэглэнэ. Тухайлбал, гаднаас орж ирдэг дал модны тос, ургамлын тосны хоёр гэсэн кодтой савыг зөвхөн нэг удаа хэрэглэх зориулалттай. Гурав, тав, зургаа, долоо кодтой юм уу тэмдэг тэмдэглэгээгүй хуванцар савыг хүнсний зориулалтаар огт хэрэглэж болохгүй” гэж зөвлөж байлаа.
“Эрүүл хөрс-Эрүүл хүнс” аяны нээлтийн үеэр хяналт, шалгалтын явцад илэрсэн хуурамчаар үйлдвэрлэсэн архи, дарсыг иргэдэд сэрэмжлүүлэг болгон дэлгэсэн байсан юм. Эндээс “Улаанбаатар”, “Ерөөл”, “Сархад”, “Болор” зэрэг баяр ёслолын үеэр монголчуудын ихээр хэрэглэдэг олон нэр төрлийн архи дарсыг хуурамчаар үйлдвэрлэн худалдаалдгийг харж болохоор байв. Мөн хаяг шошгын зөрчилтэй нэлээд нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг дэлгэсэн байв. Үүнд хүүхдүүдийн амтархан идэх дуртай чихэр, хатаасан жимснээс гадна иргэдийн хоол хүнсээ амтлахад өргөн хэрэглэдэг жан, цуу, амтлагч нэлээд харагдсан. НМХГ-ын Экспорт, импортын хяналтын хэлтсийн дарга Б.Батшагай: “Өнгөрсөн онд Монгол Улсын хилээр орж ирсэн хаяг шошго, хугацааны зөрчилтэй 90 сая төгрөгийн бүтээгдэхүүнийг устгасан. Тухайлбал, Литви улсаас хувь хүний оруулж ирсэн гоо сайхны бүтээгдэхүүн, дарсыг холбогдох талын комисс шалгаж устгасан. Мөн бэлэн гоймон нь бага эрсдэлтэй бүтээгдэхүүнд орсон. Энэ бүтээгдэхүүнд бичиг баримтын шалгалтыг хийж хилээр оруулдаг. Шошгын хувьд англи, монгол, орос хэл дээр орчуулсан байх ёстой. Хэрэв аль нэг нь байхгүй бол хилээр оруулахгүй байх арга хэмжээг авч ажиллаж байгаа. Ер нь хилээр орж ирээд хаяг шошгын болон хугацааны зөрчил илэрсэн тохиолдолд манай хэлтсийн байцаагчид акт үйлдэж дор нь устгах арга хэмжээг авч ажиллаж байна” гэв.
Эх сурвалж http://www.info.mn