Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 16 дугаар орон сууцанд үүссэн нөхцөл байдлын талаар өмнө нь мэдээлж байсан билээ. Тус байрыг цагдаагийнхан хамгаалалтад авч Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас ажлын хэсэг гарган хяналт шалгалт хийсэн.
Мэргэжлийн хяналтын улсын байцаагч нар эхлээд 16 дугаар байрны дөрвөн булан болон арван цэгт түр тэмдэг тавиад геодезийн хэмжилт хийжээ. Барилгын оройн хэсгийг суурийн хэсэгтэй харьцуулж үзэхэд дөрвөн см хазайлттай гарсан гэдгийг мэдээлсэн.
Энэ нь шинээр баригдах барилгын эсрэг тал руу хазайсан аж. Тодруулбал, тус барилга дөрвөн см хазайсан нь “БИ ЖИ БИ ЖИ” компанийн ухсан суурийн нүхтэй ямар ч холбоогүй гэнэ.
Анх барихдаа дөрвөн см хазайлгаж барьсан ч байж магадгүй хэмээн үзэж байгаа бололтой. Мөн барилга байгууламжийн төлөв байдалд ямар нэгэн эвдрэл гэмтэл, хэв гажилт үүсээгүй хэмээн дүгнэжээ. Гэхдээ тус байрны хөрсөнд бэхэлгээг яаралтай хийхээр болсон байна. Үүний дараа оршин суугчдыг орон сууцанд нь оруулах боломжтой бөгөөд зочид буудлуудад байрлаж байгаа иргэдийг долоо хоногоор хугацааг нь сунгажээ.
Хөрсөнд бэхэлгээ хийх, гүйцэтгэлийн зураг төслийг тусгай зөвшөөрөлтэй байгууллагаар гаргуулж, холбогдох хууль хяналтын байгууллагын шалгалт дор хийлгэхээр болжээ.
Эх сурвалж: www.dorgio.mn