Засгийн газраас Тавантолгойн гэрээний төслийг УИХ-д өргөн мэдүүлснээр нэлээдгүй олон хүний эсэргүүцэлтэй тулгарч байна.
Тодруулбал, УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Эдийн засаг хүнд байгаа нь үнэн. Энэ нь эрх баригчид дуртай шийдвэрээ гарган, эх орноо худалдана гэсэн үг биш. Ард түмний баялгийг идэж уух гэсэн дон хэрээс хэтэрч байна. Монголд улс төрийн нам байхүй болсон. Би өмнө нь ч ингэж боддог байсан. УИХ-д орж ирээд хоёр жил болоход энэ нь улам батлагдлаа. Олигархи бүлэглэлд суурилсан хэсэг бүлэг этгээдүүд төрөөр тоглосоор ирлээ. Намын нэр барьсан дээрэмчид л байна. Авлигын тогтолцоо аалзны тор шиг сүлжчихсэн. Энэ заваан тогтолцоог өөрчлөх хэрэгтэй. Манай төр 100 сая ам.долларын өртгөөр энэ ордын хайгуулыг хийж илрүүлсэн. Бид энэ хөрөнгийг ОХУ-д төлсөн шүү дээ.
Оюутолгойн төсөл хүнд байдалд байна. Гадныхны хүссэнээр нь энэ төслийг явуулах гэж байгаа. Таван толгойн төслийг мөн адил хятадуудад хүссэнээр нь өгөх гэж байна. Манай төр 100 сая ам.долларын өртгөөр энэ ордын хайгуулыг хийж илрүүлсэн. Бид энэ хөрөнгийг ОХУ-д төлсөн шүү дээ. Таван толгойн нүүрс ердөө 500-700 метрийн гүнд буюу ил шахуу байдаг, бага зардлаар олборлох нүүрс. Жоркийн аргачлалаар ордын нөөцийг нийт 7.3 тэрбум тонн гэсэн нь 180 тэрбум ам.доллорын хөрөнгө гэсэн үг. Чонотой нийлсэн гэрийн нохой чононоос илүү аюултай гэж бид ярьдаг. Гэтэл Энержи ресурс компани гэсэн бүлэг этгээдүүд энэ ордыг эзэмшихээр санаархаж байна. Олон улсад нэр хүндтэй Мүүдис агентлаг Хонконгод бүртгэлтэй ММС компани 1.2 тэрбум ам.долларын өртэй гээд зарлачихсан. Бид Таван толгойгоо энэ өрөнд тавиад туух уу? Тэднийг дампуурлаас аврахын тулд бэлэг болгон өгөх үү? Энэ бол сүүлийн 1000 жилийн хамгийн том гэмт хэрэг болно. Тэд энэ хүслээ биелүүлэхийн тулд төрийн өндөр албан тушаалтнуудыг, Ерөнхийлөгчийг ч авлигадсан. Учир нь Ерөнхийлөгч ард түмнийхээ талд үйлчлэхгүй байна. Засгийн газарт ч Энержи ресурсын төлөөлөл ороод суучихсан нь сонирхлын зөрчилтэй хэлцэл болохыг харуулж байна” хэмээн энэ сарын 27-нд хэвлэлийн хурал хийх үеэрээ мэдэгдсэн.
Тэгвэл өчигдөр буюу энэ сарын 28-нд УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг “Тавантолгойн гэрээний төслийн талаар өөрийн байр сууриа илэрхийллээ. Тэрбээр Тавантолгой нь Монгол Улсын 2.1 сая иргэн хувьцаа эзэмшдэг цорын ганц орд. “Эрдэнэс Тавантолгой” ХК 2010 оноос үйл ажиллагаа явуулж эхэлсэн ба өнөөдрийг хүртэл тасралтгүй ажиллаж сүүлийн 3 жил дараалан ашигтай ажилласан. 2015 оны эхний улиралд 1.8 сая тонн нүүрс экспортлож Монголын хамгийн том экспортлогч боллоо. 2012 оны сонгуулийн өмнө “Чалко”-той гэрээ байгуулж, урьдчилгаа зээлж авч бэлэн мөнгө тарааснаас шалтгаалан өнөөдрийг хүртэл олборлож буй нүүрснээс олж буй ашгаараа “Чалко”-гийн өрийг төлсөөр байгаа. “Эрдэнэс Тавантолгой” ХК сүүлийн 3 жилд ашигтай ажиллаж, жил бүр 5000-6000 тонн нүүрс экспортлож байна. Бүх зардлаа оруулж тооцоод өнөөдөр 1 тонн тутамд 5.8 ам.долларын ашиг олж байгаа” хэмээв.
Мөн “Энержи ресурс” компани өнөөдрийн байдлаар 1 тонн нүүрс тутамд 9.8 ам.долларын алдагдал хүлээж байгаа. Тус компанийн үйл ажиллагааны талаар bloomberg.com сайт дээр 2015 оны эцэс гэхэд “Энержи ресурс” компани бэлэн мөнгөний дутагдалд орно гэсэн тооцоо, тодорхой эх сурвалж бүхий мэдээллийг гаргажээ. Тэгэхээр “Энержи ресурс” компанийг санхүүгийн хямралаас гаргах гол аврал нь энэ гэрээ болоод байгааг гэж мэдэгдэв.
Эрдэнэс-Тавантолгой компанийг гэрээний оролцуулагчаар оруулахгүйгээр гэрээ хийх нь Монголын талд алдагдалтай. Эрдэнэс-Тавантолгой одоогийн олж байгаа ашгаар бүрэн чадлаараа ажиллаад жилдээ 150 сая доллар олох боломжтой. Өнөөгийн гэрээгээр бол Эрдэнэс-Тавантолгой зөвхөн түрээсийн 2 хувийн ашиг авч, нөгөө талд 98 хувь нь очно. Тэгэхээр бид 25 сая доллараар 150 сая доллараа сольж байна. Энержи ресурсийг санхүүгийн хямралаас гаргах гэж одоогийн гэрээг хийж болохгүй гэсэн юм.
Ийнхүү Тавантолгойг тойрсон тэмцэгчдийн мэдэгдэл нэг нь эсрэг, тэсрэг байр суурьтай байгааг та анзаарсан байх. Ж.Батзандан “Тавантолгойн ордыг хэсэг бүлэг олигархи гадныхантай хамтарч хувааж цөлмөх гэж байна. Түүний эсрэг тэмцэнэ” гэдгээ илэрхийлж, энэ ордын хувь заяаг ард түмнээс асуухын тулд ирэх пүрэв гаригт Чингисийн талбайд цуглаан зохион байгуулна гэдгээ онцолоод авсан.
Гэтэл Л.Эрдэнэчимэг гишүүн “ашигтай” хэмээн бараг л рекламдах нь холгүй мэдээлэл хийлээ. Эсрэг, тэсрэг мэдэгдлийн цаана нь юу байна хэмээн олон хүний г хардахад хүргэв. Эцсийн үр дүнг харж л байя.
Эх сурвалж: www.dorgio.mn