Comment.mn

М.Л. Клойберийн хэрэгт Ё.Гантуяаг сэжиглэн саатуулжээ


  М.Л.Клойберийн үхлийн шалтгааны урьдчилсан дүгнэлтийг нууцалж байна

Монголд 13 сая евротой ирээд сураггүй алга болсон гэх ХБНГУ-ын иргэн  60 настай Максимлян Лёонхард Клойбер энэ сарын 17-нд  нас барсан талаар бид мэдээлсэн.
Хэргийн газар цагдаа, шүүхийнхэн ажиллаж, хэрэг шалгах ажиллагааг эхлүүлээд байгаа билээ. Талийгаачийн цогцсыг Шүүх шинжилгээний хүрээлэнд шинжлүүлж байгаа бөгөөд үхлийн шалтгаан багагүй хугацааны дараа тодорхой болох юм.
Тэгвэл эх сурвалжийн хэлж буйгаарМаксимлян Лёонхард Клойбер нь мөн л гадны нөлөөгүй, биеийн байдал муугаас нас барсан байж магадгүй байна. Гагцхүү урьдчилсан байдлаар үхлийн шалтгаан тодорхой болсон ч албаны эх сурвалжууд нууцалж байгаа юм.

 

Гадны нөлөөтэй амиа алдсан бол хэрэг шал өөрөөр эргэнэ

 

Уг хэрэгт одоогоор эрүүгийн хэрэг үүсгэн Мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлэх газар шалгаж байгаа юм. Уг газар нь мэргэжлийн түвшний мөрдөн байцаагчидтай онц хүнд гэмт хэрэгт шалгалтын ажиллагаа явуулдаг газар гэдгийг бид өмнө нь онцолж байсан билээ.

 

Урт удаан хугацааны турш сураггүй, мөн Интерполоор хайж байсан иргэн гадны нөлөөтэй нас барсан нь тогтоогдвол хэрэг шал өөрөөр эргэж болзошгүй юм. Харин золгүй байдлаар амиа алдсан нь тогтоогдвол Эрүүгийн хуулийн 95 дугаар зүйл ангиар хэрэг үүсэж шалгагдаж байгаад хэрэгсэхгүй болох магадлалтай байгааг зарим эх сурвалж хэлж байна.

 

Батлан даалтад байсан Ё.Гантуяаг дахин саатуулжээ

Тэгвэл уг хэрэгтэй холбоотой нэгэн шинэ мэдээлэл олдлоо. Уг хэрэгт холбогдуулан хэд хэдэн хүнийг шалгаж байгаа бөгөөд хамтран амьдарч байсан гэх Ё.Гантуяаг нь өнгөрсөн долоо хоногт цагдан хорьжээ.  Максимлян Лёонхард Клойберийг сураггүй болохтой давхацан Ё.Гантуяаг өнгөрсөн 2012 оны аравдугаар сард мөн цагдан хорьж байсан гэдгийг эх сурвалж хэллээ. Харин жил гаруй шалгасны эцэст 2013 оны сүүлчээр батлан даалтад гаргаад байжээ.
Ё.Гантуяагийн хувьд Максимлян Лёонхард Клойберийн тухай хүмүүс мэддэг болсоноос хойш түүнтэй нэр холбогдсоор ирсэн. Гадны хэвлэлүүд ч түүнийг Герман эртэй холбон бичиж байгаа билээ.

 

Хамгийн сонирхолтой нь талийгаач нас барахдаа түүний төрсөн дүүгийнд байсан гэх мэдээлэл бий. Энэ үнэн бол Максимлян Лёонхард Клойберийн нас барсан хэрэгт Ё.Гантуяа гэгчийн гэр бүл тэр чигээрээ шалгагдаж байгаа бололтой.

 

М.Л. Клойбер гэж яг хэн байсан, яагаад Монголын цагдаа нарын сонирхолыг татаж байгаад амиа алдав зэрэг олны анхаарлыг татсаар байна

Монголд их хэмжээний мөнгөтэй ирсэн гэх Максимлян Лёонхард Клойберийн хэрэг олны анхаарлын төвд байсаар байгаа. Учир нь түүний хэрэгт маш олон зүйл тодорхойгүй байгаа билээ.

 

Адаглаад түүнийг үнэхээр Монголд ч эрэн сурвалжилж байсан бол энэ урт хугацаанд Монголын цагдаа нар яагаад олж чадаагүй, олж чадсан байлаа ч мөрдөн байцаалтыг явуулж байсан уу гээд олон асуудал гарч ирж байгаа юм.
Цаашлаад их мөнгөтэй ирсэн гэж, тэр мөнгөтэй нь холбогдуулж бусдыг хүртэл шалгаад байсаны шалтгаан зэрэг олон асуудлууд гарч ирж байна.

Эх сурвалж: www.24tsag.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.