УИХ, Засгийн газрын гишүүд, яам агентлагийн удирдлагууд тэр ч бүү хэл хэлтэс, албадын дарга нарын шатахуун их зарцуулдаг том автомашин хот дотор хөлөглөх эрхийг хязгаарлаж, автомашиныг нь хураах шийдвэрийг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг гаргаад хоёр сарын хугацаа өнгөрч байна.
Шийдлийн Засгийн газраас хэрэгжүүлсэн хэмнэлтийн горимд шилжих арга хэмжээний нэг томоохон хэсэг нь 100 километрт 16-аас дээш шатахуун хэрэглэдэг том оврын автомашинуудыг хурааж, оронд нь жижиг суудлын автомашиныг ажил албандаа хэрэглэх явдал гэж мэдэгдээд байгаа.
Төрийн өмчийн хорооноос хийсэн судалгаагаар төрийн 800 орчим байгууллага албан хэрэгцээндээ 5000 мянга гаруй автомашин хэрэглэдэг байна. Үүнээс 3300 орчим нь суудлын автомашин байдаг бол 812 ширхэг шатахуун их зарцуулдаг, данхар жипнүүдийг төрийнхөн хөлөглөдөг ажээ. “2014 онд төрийн өмчит байгууллагуудад ашиглаж буй нийт автомашины гараажийн зардалд 3.6 тэрбум, шатахуунд 16.3, сэлбэг хэрэгсэлд тав, жолоочийн цалинд 25 тэрбум гээд нийт 50 тэрбум төгрөг зарцуулсан” гэдгийг Төрийн өмчийн хорооны удирдлагууд мэдэгдэв.
Илүү нарийвчилсан тооцоо гаргавал том оврын нэг машин гэхэд жилдээ 3890 литр шатахуун зарцуулдаг гэнэ. Энэ шатахууныг мөнгөн дүнд шилжүүлэн бодоход жилд нэг автомашин 6.5 сая төгрөгийн шатахуун хэрэглэдэг байх нь. Басхүү анхаарал татах нэг тоо бол нэг бүрийн үнэ нь 70 орчим сая төгрөгөөс эхлэх автомашинуудыг ийнхүү бүгдийг нь хадгалаад байна гэж байхгүй. Хөдөө орон нутагт унах хэдийг нь үлдээгээд бусдыг нь зах зээлийн ханшаар худалдаалж, мөнгийг төсөвт төвлөрүүлэх нь зүйтэй гэж иргэд харж байгаа. Гэтэл энэ асуудлыг мэдэх шийдэх хүн алга. Нэгэнт энэ сэдвийг хөндөж байгаа учраас төрийнхний гангараандаа хэрэглэх болсон дуут дохионы тухай ч мөн дурдсан нь зүйтэй болов уу. Угтаа бол эмнэлэг, цагдаагийн байгууллага, онцгой байдлынхан шаардлагатай үед олон улсын айлчлал зэрэг төрийн тусгай албаныхан л тусгай дуут дохиог хэрэглэх эрхтэй. Гэтэл одоо УИХ-ын гишүүд, яам агентлагийн төдийгүй хэлтэс, албадын дарга нар дуут дохио буюу маякаар гангардаг болж.
Учир нь дуут дохио бүхий автомашиныг цагдаа нар “Оролддоггүй”, замын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээгээр саадгүй зорчдог зэрэг давуу эрхийг эдэлдэг юм. Хэрэгцээ, эрэлт их байгааг ч ченжүүд анзаарч өнгө, загвараас шалтгаалан 25-60 мянган төгрөгийн ханштайгаар худалдаалж байна. Тиймээс энэ асуудалд анхаарлаа хандуулахыг “дуут дохиог журамлана” гэж мэдэгдээд удаж буй Хууль зүйн яамныханд эргэн сануулъя.
Г.Мягмарсүх
Эх сурвалж: www.new.mn