2015 он гарсаар улсын хэмжээнд нийт 108 удаагийн ой, хээрийн түймрийн тохиолдол бүртгэгдсэн байна. Тэгвэл өнөөдрийн байдлаар хэд хэдэн газарт ой хээрийн түймэр гараад байгаа юм. Ингээд хоногийн нөхцөл байдлын мэдээллийг хүргэе.
Дорнод аймгийн Баян-Уул сумын Эрээн багийн нутаг “Хясуу ферм” гэдэг газар Монгол Улсын хилийн 828 дугаар тэмдэгтийн чиглэлээр ОХУ-ын нутгаас ой, хээрийн түймэр орж ирсэн тухай дуудлагыг /2015.04.15/ хүлээн авсан. Уг түймэр нь мөн аймгийн Цагаан-Овоо, Хэнтий аймгийн Дадал, Норовлин сумдын нутагт тархан шатсан.
Монгол Улсын хилийн 828 дугаар тэмдэгтээр 2015.04.15-ны өдөр ОХУ-аас орж ирсэн түймэр Дадал сумаар дамжин Норовлингийн нутаг “Эмгэнт” гэдэг газрын түймэр цурамнаас алдагдаж “Баруун, зүүн Хавчуу” гэдэг газарт үргэлжлэн модонд асаж байна. Норовлин сумын хойд хэсэг “Бэрхийн ам”, “Улаан-Өндөрийн” даваагаар дээш цурав татаж байна. ОБЕГ-ын харьяа Аврах тусгай ангиас 13 албан хаагч, 1 автомашин, Хэнтий аймгийн Онцгой байдлын газраас 43 албан хаагч, 5 автомашин, Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсээс 12 албан хаагч, 1 автомашин, Норовлин сумаас 32 иргэн, 5 автомашин, нийт 100 хүн, 18 техник хэрэгсэлтэйгээр бүрэн унтраахаар ажиллаж байна.
Дорнод аймгийн Баян-Уул сумын Өвөр-Эрээн багийн нутаг “Дархинт” гэдэг газар тархан шатсан түймэр 2015.04.25-ны өдөр цурамнаас алдагдаж, тус сумын Эрээн багийн төвөөр дамжин шатсаныг аймгийн Онцгой байдлын хэлтсийн 39 албан хаагч, 4 автомашин, Дорноговь аймгийн Онцгой байдлын хэлтсийн 12 албан хаагч, 1 автомашин, Аврах тусгай ангийн 36 албан хаагч, 3 автомашин, нийслэлийн Онцгой байдлын газрын 25 албан хаагч, 2 автомашин, Хилийн 0275 дугаар ангийн 40 албан хаагч, 4 автомашин, сум, орон нутгийн 181 иргэн, 14 автомашин, нийт 333 хүн, 28 техник хэрэгсэлтэйгээр унтраахаар ажиллаж байна. Түймрийн баруун, урд, зүүн хэсгийг цурамд оруулсан, хойд хэсэг нь асаж байна “Үйсэнгийн зоо”, “Шинэстэй”, “Битүү”, Эрээн давааны араар “Хүрэл тохой”, “Дарьхинтын адаг” гэдэг газруудаар нутагладаг айлуудыг түймрээс гаргаад цурав тавьсан тухай мэдээлсэн байна.
Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын нутаг, Хилийн цэргийн Минжийн заставын хариуцсан Монгол Улсын хилийн 740-741 дүгээр тэмдэгтийн чиглэлээр ОХУ-ын талаас ойн түймэр орж ирсэн тухай дуудлагыг /2015.04.25/ хүлээн авч: ОБЕГ-ын ГТТГ-ын дарга хурандаа С.Залуухүү ахалсан АТА-ийн 21, ХХЕГ-ын 1, ЗХ-ний 303 дугаар ангийн 3, нийт 26 албан хаагч 2015.04.25-нд нисэж, түймрийн голомтод очсон. Минжийн заставаас 3 албан хаагч, нийт-24 албан хаагч ажиллаж 2015.04.26-ны өдрийн 19:00 цагт цурамд оруулж бүрэн унтраахаар ажиллаж байна. Түймрийн голомтод 18:54-19:50 цагийн хооронд бороо орсон.
Дорнод аймгийн Баян-Уул сумын Эрээн багийн нутаг “Ульхан” гэдэг газар Монгол Улсын хилийн 838 дугаар тэмдэгтийн чиглэлээр ОХУ-ын нутгаас ой, хээрийн түймэр орж ирсэн тухай дуудлагыг /.2015.04.19/ хүлээн авсан. Уг түймэр нь тус сумын Заяат багийн нутаг “Хайчийн гол” гэдэг газар тархан шатсан. Дорноговь аймгийн Онцгой байдлын хэлтсийн 12 албан хаагч, 1 автомашин, Аврах тусгай ангийн 20 албан хаагч, 2 автомашин, нийслэлийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, 1 автомашин, Хилийн цэргийн 0275 дугаар ангийн 17 албан хаагч, 1 автомашин, нийт-61 хүн, 5 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 2015.04.25-ны өдрийн 19:00 цагт цурамд оруулж бүрэн унтраахаар ажиллаж байна.
Архангай аймгийн Цэнхэр сумын Цэцэрлэг багийн нутаг “Богино гүвээ” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 50 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг /2015.04.25/ хүлээн авч; Тус аймгийн Онцгой байдлын хэлтсийн 12 албан хаагч, 1 автомашин, сум, орон нутгийн 52 иргэн, 3 автомашин, нийт-64 хүн, 4 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж цурамд оруулсан. Түймэрт 90 орчим га талбай шатсан байна.
Хөвсгөл аймгийн Түнэл сумын Навчилтай багийн нутаг “Хувийн эх” гэдэг газар /сумын баруун урд зүгт 15 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг /2015.04.25/ хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын хэлтсийн 12 албан хаагч, 1 автомашин, сум, орон нутгийн 65 иргэн, 4 автомашин, нийт 77 хүн, 5 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж бүрэн унтраажээ.
Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Баянзүрх багийн нутаг “Баруун жаргалант” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 60 км-т/ ой, хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг /2015.04.24/ хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, 1 автомашин, нийслэлийн Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 15 албан хаагч, 1 автомашин, орон нутгийн 98 иргэн, 10 автомашин, нийт 125 хүн, 12 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 2015.04.25 өдөр түймрийг бүрэн унтраасан байна.
Архангай аймгийн Цэнхэр сумын Бүрд багийн “Шар тээг” гэдэг газар /аймгаас 70 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг /2015.04.25/ хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 9 албан хаагч, 1 автомашин, Орон нутгийн 20 иргэн, 4 автомашин, нийт-29 хүн, 5 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж бүрэн унтрааж хүлээлгэн өгсөн.
Төв аймгийн Эрдэнэ сумын “Шохойн цагаан булаг” гэдэг / сумаас баруун тийш 21 км / газарт хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг /2015.04.26/ Нийслэлийн Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсээс 12 албан хаагч, 1 автомашин, сумаас 60 хүн. 11 автомашин, нийт-72 хүн, 12 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж мөн өдрийн 22:35 цагт бүрэн унтраасан. Шатсан талбай 20.3 га гэдгийг эх сурвалж мэдээлээ.
Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Рашаант багийн нутаг “Баруун эхний халуун ус” гэдэг газар /сумаас урд зүгт 70 км-т/ ой, хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг /2015.04.25/ хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын хэлтсийн 20 албан хаагч, 1 автомашин, сум, орон нутгийн 75 иргэн, 9 автомашин, нийт -95 хүн, 10 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж бүрэн унтраасан байна.
Хуурайшил ихтэй байгаа энэ цаг үед түймэр гарах эрсдэл өндөр байдаг. Тиймээс хүн бүр гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлж, тамхины ишийг ил задгай хаяхгүй байх, гал асаасан бол гүйцэд унтраах зэрэгт анхаарч байхыг сэрэмжлүүлж байна.
Эх сурвалж: www.dorgio.mn