Comment.mn

Монголын шүүгчдийн холбоо Н.Лүндэндоржийг буруушаалаа


Монголын шүүгчдийн холбооноос мэдэгдэл гаргасан байна.  Уг мэдэгдлийн агуулга нь ШЕЗ-ийн дарга Н.Лүндэндоржийг буруушаасан агуулга бүхий байсан юм. Ингээд уг мэдэгдлийг бүрэн  эхээр нь хүргэе.

Хаана ч тэр, аль ч цагт шүүгчдийн оролцоонд тулгуурлаагүй шүүхийн шинэтгэл гэж ертөнцөд үгүй. Монгол дахь шүүхийн шинэтгэл ч дээрх жишгээр амжилттай хэрэгжиж байна. Цаашид ч энэ эрчээ алдахгүй нь дамжиггүй юм. Шинэтгэлийг нэр хүндтэй, итгэл төрүүлэхүйц зарчим-замналтай, ёс зүйн өндөр төлөвшилтэй, хүлээн зөвшөөрөгдсөн лидер манлайлан хэрэгжүүлснээр нийгмийн сэтгэл зүйд хуучныг шинээр солих хүсэл-хүлээлтийг төрүүлдэг зүй тогтолтой. Эрх зүйчдийн мэргэжлийн мөрөөдөл, иргэдийн шударга ёсны бахархал нь шүүгч гэдэгтэй олон хүн санал нийлэх байх. Учир нь тэд л шинэтгэл хийх хүсэл-хүлээлтийг ёс зүйн төлөвшил, нэр хүндээрээ бүтээдэг юм. Шүүгчдийн нэр хүндээр бүтсэн тэрхүү нийгмийн сэтгэл зүй бол шинэтгэлийг амжилттай хэрэгжүүлэх эхний бөгөөд эцсийн жор нь байх учиртай.

 

Гэтэл УИХ-ын 2015 оны хаврын ээлжит чуулганы 4 дүгээр сарын 16-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдааны үеэр ШЕЗ-ийн дарга Н.Лүндэндорж УИХ-ын зарим гишүүний асуултад “… шүүхийн шинэтгэлийг хийх болсон нэг гол шалтгаан нь шүүхийн нэр хүнд унасантай холбоотой. …Шүүхэд итгэх олон түмний итгэл доод түвшиндээ хүрлээ.” гэж хариулж суух юм. Н.Лүндэндоржийн энэхүү хариултыг Монголын Шүүгчдийн холбоо  болчимгүй, хариуцлагагүй, албан тушаалтны хувьд үүргээ ухамсарлаагүй, ёс зүйгүй мэдэгдэл гэж үзэж эрс буруушааж байна. ШЕЗ-ийн дарга нь намын “мөрийн хөтөлбөр”-төө захирагддаг улс төрийн албан тушаалтан биш гэдгийг Н.Лүндэндорж Танд анхааруулъя.

 

ШЕЗ-д Үндсэн хуулиар ногдуулсан үндсэн үүргийн нэг нь шүүгчийн хараат бус байдлыг хангах явдал. Шүүгчийн хараат бус байдлын нэг гол баталгаа нь шударга ёсны хэмжүүр болсон шүүх,шүүгчийн нэр хүнд мөн. ШЕЗ энэхүү үүргээ хэрхэн биелүүлж байна гэдэгт бид дүн тавих цаг нь болсон. Н.Лүндэндоржийн удирдаж байгаа асар том бүтэц, бүрэлдэхүүнтэй энэ байгууллагад шүүгчийн хараат бус байдлыг хангах зохион байгуулалтын алба үгүйлэгдэж байна. Шүүх, шүүгчийн нэр хүндийг хараат бус байдлыг нь хангах замаар хадгалах үндсэн үүрэг бүхий байгууллага нь шүүхийн нэр хүндийг “унасан байсан” гэж үнэлэх эрхгүй бөгөөд үүрэггүй юм.

Дэлхийн хаана ч, шүүхээр шийдвэрлэгдсэн аль ч маргаанд хэргийн оролцогчдын нэг тал шүүхийн шийдвэрийг буруутгах явдал түгээмэл ажиглагддаг. Учир нь шүүх хэргийн оролцогч хоёр талд бус харин хуульд захирагдаж ажилласнаараа үргэлжид хэргийн оролцогч нөгөө талын өмнө буруутан болдог. Угтаа бол шүүгчийн хэрэглэж буй хууль нь “парламентын бүтээгдэхүүн” бөгөөд хууль тогтоогчийн хувилбараар тухайн маргаанд хууль зүйн үнэлэлт өгдөг билээ. Энд хэрэг, маргааны эцсийн хариуг хэн өгч байна вэ гэдэгт анхаарлаа хандуулах хэрэгтэй. Парламент дахь улс төрчид тодорхой намын мөрийн хөтөлбөр, ашиг сонирхол, амлалтаа хуульд “шингээх” санаархал мөнхөд оршдог бөгөөд ашиг сонирхол, амлалтынх нь эсрэг Үндсэн хуулийн үзэл баримтлалд нийцүүлэн шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрт хэргийн оролцогч нэг тал дээр улс төрчид, намууд нэмэгддэг. Улс төрчдөд шүүхийн нэр хүндийг унагаах түмэн шалтгааны нэг нь үүнд оршиж, түүнийгээ шударга ёсны баатар мэт хэвлэлээр сурталддаг. Үүн дээр ШЕЗ-ийн дарга нэмэгдэх шиг боллоо. Бодит байдал ийм л байна.

 

Монголын Шүүгчдийн холбоо ТББ бол гишүүддээ үйлчилж, тэдний эрх ашгийг хамгаалах нийтлэг хүсэл зорилгын төлөө байгуулагдсан, энэ зорилгын дагуу ч ажилласаар ирсэн. Тиймээс үндсэн зорилгоо хэрэгжүүлж Монголын шүүгчдийн нэр хүнд, тэдний эрх ашгийг хамгаалж, ШЕЗ-ийн даргыг дахин ийм ёс зүйгүй, болчимгүй үйлдэл, мэдэгдэл хийж, шүүх, шүүгчдийн нэр хүндийг унагаахгүй байхыг албан ёсоор анхааруулж, энэхүү мэдэгдлийг гаргаж байна.

 

МОНГОЛЫН ШҮҮГЧДИЙН ХОЛБОО

 

 

Эх сурвалж: www.dorgio.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.