УДЭТ-ын залуу жүжигчин Б.Шинэбаярыг тайзны уран бүтээлээс нь гадна “Хязгааргүй”, “Аав”, “Учрал” кинонуудад тоглосноор нь кино сонирхогчид андахгүй болсон. Түүнтэй жүжигчин хүний хувьд, залуу хүнийх нь хувьд амьдралыг хэрхэн хардаг талаар үзэл бодлоос нь хуваалцлаа.
-Уран бүтээлийн гараагаа хаанаас эхлэсэн талаар яриагаа эхлэе?
-Би 2013 онд СУИС-ийг Л.Дэмидбаатар багшийн удирдлаган доор төгссөн. 2012 онд УГЗ найруулагч И.Нямгаваагийн “19” гэдэг уран бүтээлээр анх кино урлагт хөл тавьж байлаа. Үүнээс хойш 2014 онд “Хязгааргүй”, 2015 онд “Аав”, “Учрал” зэрэг уран бүтээлүүдэд тоглоод байна.
-“Аав” киноны дүрээр хүмүүс өөрийг чинь таних болсон. Энэ дүрээ “Учрал” уран сайхны кинонд бүтээсэн дүртэйгээ харьцуулбал?
Учрал киноны дүртэй харьцуулбал тэс ондоо дүр. “Аав”-ын дүр бол амьдралын төлөө, охиныхоо төлөө зүтгэсэн зөөлөн дүр байсан. Гэхдээ хайрынхаа төлөө тэмцэж байгаагаараа энэ хоёр дүрд төстэй тал бас бий.
-Энэ хоёр уран бүтээлийн аль дүр нь бодит амьдрал дээрх Шинэбаяртай илүү адилхан бэ?
-Аль аль нь өөр дөө. Бодит амьдрал дээр намайг ямар хүн болохыг найзууд маань л тодорхойлох байх.
-Учрал уран сайхны киноноос залуучууд ямар ухаарал олж авах бол?
-Энэ киноноос залуучууд маань бие биедээ үнэнч байх ухааныг олж авах байх гэж найдаж байна. Гол дүрийн жүжигчин Батушка ах/Баттулга/-ын дүрээс, аавынх нь дүрээс асар их зүйлийг ойлгох байх.
-Өөрийнхөө хамгийн гэгээлэг, сайхан хайрын учралаас хуваалцаач?
-Тийм сайхан хайртай 9 дүгээр ангидаа учирч байсан юм болов уу даа. Анх хараад дурласан, араас нь нэлээн гүйсэн, тэгээд үерхсэн. Тэр сайхан дурсамжтай үе одоо хүртэл мартагдахгүй сэтгэлд маань хадгалагддаг.
-Эмэгтэй хүнд өөрийн чинь юу хамгийн их таалагддаг гэж боддог вэ?
-Ёстой бүү мэд. Зарим нь хоолой, зарим нь зан араншин гэдэг юм. Тэгэхээс биш зүс царайгаараа бол явахгүй ш дээ./инээв/
-Хайртай хүнийхээ төлөө хэр их золиос гаргаж чадах вэ?
-Нэг дурлачих юм бол ёстой уучлаарай ш дээ. Галруу орж, усруу үсэрч ч чадна. Чин сэтгэлийн дурлалтайгаа учрах юм бол юуг ч хийж чадна.
-Жүжигчин Шинэбаяр хэр дурламтгай вэ?
-Нэг их дурлаад яваад байдаггүй. Хэдийгээр гудамжаар дүүрэн сайхан бүсгүйчүүд алхаж байгаа ч унаж босох аль ч үед үргэлж дэргэд маань байж чадах хүнийг олохыг хүсдэг.
-Эмэгтэй хүний ямар зан араншинг илүүд үздэг вэ?
Ямар ч хүний чин сэтгэл, үнэнч занг эрхэмлэдэг. Ээж шигээ эмэгтэй хүнтэй сууна гэж боддог. Гэхдээ одоогоор тэр хүнтэйгээ учраагүй л байна.
-Жүжигчин, СУИС-ийн багш Л.Дэмидбаатар “Учрал” кинонд мөн дүр бүтээсэн. Багштайгаа хамт уран бүтээлд тоглосон сэтгэгдэлээсээ хуваалцаач?
-Драмын театрт орсныхоо дараа хоорондоо багахан ч гэсэн харилцдаг хэсэгтэй драмын жүжигт багштайгаа тоглохдоо учиргүй баярладаг байсан. Хамтдаа олон бүтээлд тоглох юмсан гэж боддог байлаа. Гэтэл аз таарч “Учрал” дэлгэцийн уран бүтээлд Дэмидбаатар багштайгаа хамт тоглосон маань миний хувьд нэр төрийн хэрэг байлаа.
Эх сурвалж: www.dorgio.mn