Comment.mn

Зайсан дахь хорихыг хэн хувьчилж авах вэ?

Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 188 дугаар тогтоол, Төрийн өмчийн хорооны энэ оны хоёрдугаар сарын 13-ны өдрийн 108 дугаар тогтоолоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй Хорих 401, 411 дүгээр ангийг үл хөдлөх хөрөнгийг дуудлага худалдаанд оруулж, хувьчлахаар болсон. 

Өөрөөр хэлбэл хорих ангиудын  үл хөдлөх хөрөнгийг хамгийн өндөр үнэ санал болгосон аж ахуй нэгж, хувь хүнд худалдах юм. Хорих ангиудын дуудлага худалдаагаар авсан мөнгийг төвлөрсөн хорих ангийг барихад зарцуулах юм байна.

 

Хорих 401, 411 дүгээр анги нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх бөгөөд нийт 5.3 га газар, 29 нэр төрлийн үл хөдлөх хөрөнгөөс бүрдэнэ. Тодруулбал, хорих 401 дүгээр ангийн дамжин өнгөрөхийн спорт заал, буудлагын тийр, блокон хашаа, нэгдсэн эмнэлгийн зориулалттай 16 нэр төрлийн эмнэлгийн хоёр давхар барилга, түүнийг дагалдсан барилга байгууламжууд орох юм. Харин   хорих 411 дүгээр ангийн арван  нэрийн хөрөнгө  буюу  контор, сургуулийн зориулалттай хоёр  давхар барилгаас гадна  мөн л дагалдах бусад барилга байгууламжууд орох юм. Хорих ангиудын  байгууламж нь цэвэр усны шугамд холбогдоогүй, бохир усны шугамд холбогдсон бөгөөд өөрсдийн гүний худгаас цэвэр усны хэрэгцээгээ хангадаг, дулааны дотоод эх үүсвэртэй юм байна. Мөн худалдах, худалдан авах гэрээний нөхцөлд  “Худалдан авагч нь дуудлага худалдаагаар худалдан авсан эд хөрөнгийн үнийг 14 хоногийн дотор төлнө. Уг үл хөдлөх хөрөнгийг Өмч эзэшигчийн төлөөлөл болох Хууль зүйн яам болон Худалдагч болох Төрийн өмчийн хороо нь Худалдан авагч буюу Дуудлагын худалдааны ялагч талд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын нэгдсэн хорих ангийн барилга баригдаж дууссаны дараа хүлээлгэн өгнө” гэж заажээ. Төрийн зүгээс хоёр хорих  ангийн 5.3 га газрыг хамарсан 29 нэр төрлийн үл хөдлөх хөрөнгийг  9.7 тэрбумаас дуудахаар болсон. Мөн дуудлага худалдаа  арав хүрэхгүй хоногийн дараа болно. Мэдээж хотын “А” зэрэглэлд байрлалтай сургууль,эмнэлэгээс авахуулаад  30-аад нэр төрлийн барилга байгууламжийг авахаар санаархах хүмүүс цөөнгүй байгаа биз. Тэгвэл зарим эх сурвалжийн хэлж байгаагаар 401, 411 дүгээр хорих ангиудын барилгыг “Жигүүр гранд” групп хувьчлахаар тохиролцсон гэсэн мэдээлэл байсан юм. Харин энэ талаар “Жигүүр гранд” группээс тодруулахад “Манайх хорих ангиудын барилгыг хувьчилж аваагүй. Дуудлага худалдаанд оролцохгүй” гэсэн хариултыг өглөө.

 

С.УЯНГА

 “Зууны мэдээ” сонин

Эх сурвалж: www.zuuniimedee.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.