Өнөөдөр хаврын чуулганы нээлт 11,40 цагт буюу морин цагт эхэлнэ. Улстөрийн халуухан үйл явдлаар дүүрэн өрнөх чуулганы хуралдаан улс орны эдийн засгийг хөл дээр босгох бодлого батлах уу, нам эвсэл, улстөрчдийн хэрүүл тавцан байх уу гэдгийг харуулна.
Монгол улсын нийгэм эдийн засгийн хүндрэл, хямралтай үед анхраалын төвд байгаа хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг харахад нэлээд ажил хэрэгч болж өнгөрөх нь. Харин иргэний нийгмийн байгууллагынхан Төрийн ордноо тойроод жагссар, цугласаар, мэтгэлцээнд дуудсаар байх нь илэрхий.
Хамгийн түрүүнд улс орны хөгжлийн бодлого, ажлын байр нэмэгдүүлэх үйлдвэржилт, хүн амын цогц бодлогыг оруулсан байна. Энэ бодлогуудыг зөв чиглэлд нь оруулж чадвал иргэд парламентын 76, гүйцэтгэх засаглалын сайд, шадар туслахуудыг харааж зүхээд, жагсаж цуглаад, мэтгэлцээнд дуудаад байхгүй. Ер нь хаврын чуулганаар хэлэлцэхээр жагсаасан 34 асуудал бүгд чухал анхаарал татаж байна. Тухайлбал, Казиногийн тухай хууль. Улстөрийн төрийн түүхэнд хар мөрөө үлдээсэн казиног энэ удаагийн парламентаар хүлээн зөвшөөрөх магадлал өндөр байна. Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, мөнгөний урсгалын шинэ суваг нээхэд нэн шаардлагатай гэж байгаа. Сураг нь гарсанаасаа хойш сайн муу, түүхэн замналын хар бараан мөр гээд олон талаасаа баалуулсан Казиногийн тухай хууль хаврын чуулганаар нэг мөр шийдэгдэх нь.
Бас нэг халуухан сэдэв нь Монгол Улсын Сонгуулийн нэгдсэн хуулийн төсөл. Сонгуулийн нэгдсэн хуулийн ажлын хэсгийн ахлагчаар өнгөрсөн хугацаанд Р.Бурмаа гишүүн ажиллаж байсан ч УИХын дарга З.Энхболдын захирамжаар Ж.Батзандан гишүүн ажиллахаар болжээ. Улс төрийн намуудын тухай хуулийн төслийг С.Баярцогт ахалж байснаа больж, Ш.Түвдэндорж гишүүнийг ажлын хэсгийн ахлагчаар томилсон байна. Парламентад суудалгүй намуудын хувьд Сонгууль болон Улс төрийн намуудын тухай хуульд оруулах саналаа аль хэдийнэ ажлын хэсэгт өгчихсөн. Улс төрийн намуудын тухай болон Сонгуулийн нэгдсэн хуулийн төсөлтэй зэрэгцээд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудал ч хөндөгдөх бололтой. Түүнчлэн өнөөдрийг хүртэл парламентад суудалтай улстөрийн намууд тогтолцоон дээрээ саналаа нэгтгэж чадаагүй байгаа. Ажлын хэсгийн зүгээс намуудын байр суурь нэгдвэл буса заалтууд бэлэн болсон гэдэг. АН-ын хувьд 28:48 гэсэн хувилбарыг, МАН мажоритар тогтолцоог, ИЗНН 50:50 хувилбар, Шударга ёс эвслийн бүлэг намын жагсаалтаар орж ирэх гишүүдийн тоог бууруулахгүй гэсэн байр суурьтай байна.
Хаврын чуулганаар ээлжит огцруулах асуудал мөн л байгаа. УИХ-ын нэр бүхий гишүүд ЗГХЭГ-ын дарга С.Баярцогтыг огцруулах мэдэгдэл гаргасан билээ. Тодруулбал, “Эрдэнэс Тавантолгой” компанид хуулийн зөвлөгөө авахаар АНУ-ын хуулийн фирмэд их хэмжээний мөнгө шилжүүлсэн учраас албан тушаалаа урвуулан ашигласан хэмээн огцруулах асуудлыг өргөн мэдүүлээд байгаа. Нэгэнт өргөн барьсан болохоор чуулганаар энэ асуулыг хэлэлцэнэ. Засгийн газраас эрхэм гишүүдэд хариу мэдэгдэл гаргаж огцруулах шаардлагагүй гэсэн ч чуулганы танхимд асуудлыг нэг мөр болгох хуультай.
Тэгэхээр хаврын чуулган огцруулах асуудалтай, казинотой, хөгжлийн бодлоготой, жагсаал цуглаантай халуухан болох нь.
Эх сурвалж: www.times.mn