Өнгөрсөн оны 12 дугаар сард Монгол Улсын иргэн Г.Сарангэрэл Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1-р шүүхэд нэхэмжлэл гаргаж, УИХ-ын гишүүн О.Баасанхүүгээс тэрбум төгрөг нэхэмжилсэн билээ. Шүүх О.Баасанхүүд холбогдох хэргийг өнгөрсөн долоо хоногт хэрэгсэхгүй болгосон байна. Улмаар Г.Сарангэрэлийн өмгөөлөгч Г.Батбаяр дахин давж заалдаж, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүүг улс орон даяар эрэн сурвалжуулах хүсэлт гаргаад байгаа. Учир нь түүний хувьд шүүхээс захирамжийг гардуулж чадахгүй байгаа тохиолдолд ийм төрлийн хүсэлт гаргах эрхтэй юм.
Мөн уг хэрэг анхнаасаа Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжинтэй холбоотой байсан учир түүнийг шүүх хуралд гэрчээр оролцох ёстой гэж үзвэл гэрчээр оролцуулна гэдгийг өмгөөлөгчийн зүгээс онцолсон.
Тэгвэл энэ талаар Г.Сарангэрэлийн өмгөөлөгч Г.Батбаяраас зарим зүйлийг тодрууллаа.
-О.Баасанхүү, Г.Сарангэрэл нарын шүүх хуралд Х.Тэмүүжин гэрчээр оролцуулна гэх яриа байна?
-Х.Тэмүүжинг гэрчээр дуудах хүсэлтийг нэхэмжлэгч гаргавал үүнийх нь дагуу дуудна. Шүүх дээр ирээд миний үйлчлүүлэгчтэй харилцаагүй байснаа гэрчлээд өгвөл сайн л байна.
-Шүүх хуралд Х.Тэмүүжинг гэрчээр дуудахыг шүүх хариуцах уу, эсвэл та юу?
-Нэмэмжлэгч буюу Г.Сарангэрэл өөрөө хүсвэл өмгөөлөгчийн зүгээс хүсэлт гаргаад тухайн этгээдийг шүүх хуралд заавал татан оролцуулна.
-Хэрэв ирэхгүй тохиолдолд яах вэ?
-Гэрчээр дуудаж байгаа цагт ирэхгүй бол албадан оролцуулах хүсэлт гаргах эрхтэй.
-Гэрч гэрчлэхээсээ татгалзаж болох уу?
-Тийм зүйл байхгүй. Гэрч заавал хүрэлцэн ирж гэрчийн мэдүүлэг өгөх үүрэгтэй. Өгөхөөс татгалзвал албадан ирүүлэх хүсэлт гаргах ёстой.
-О.Баасанхүү гишүүнийг эрэн сурвалжуулах хүсэлтийн хариу хэзээ ирэх ёстой вэ. Тодорхой хугацаа бий юу?
-Тухайн этгээд олдох боломжийг хэр төвөгтэй байгаагаас шалгаалж хариу мэдэгдэнэ. Олдохгүй бол хугацааг сунгаад л байна. Заавал муур, хулгана болж явалгүй өөрөө нэхэмжлэхээ авчихвал хэрэгтэй л дээ.
Ийм тайлбарыг өгөв.
Дашрамд хэлэхэд, нийгэмд хөл гишгэхийн аргагүй “сайн” нэртэй болсон Г.Сарангэрэл тун удахгүй суллагдана. Гэвч тэрбээр гарч ирээд нэрээ сольж, царайгаа ч өөрчлөхөөс өөр аргагүй байдалтай байгаа. Энэ талаар өмгөөлөгч Г.Батбаяр “Нийгэм тэр хүний дайсан болсон. Тиймээс гарч ирээд нэрээ солих, царай зүсээ өөрчлөхөөс өөр аргагүй болчихсон” хэмээлээ.
Эх сурвалж: www.24tsag.mn