Төрийн байгууллагад ажиллаж байгаа иргэдэд орон сууц авахад нь буцалтгүй тусламж үзүүлэх нэрээр 12 тэрбум төгрөгийг өчигдөр НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар баталлаа. Тодруулбал “Улаанбаатар хотын орон сууцны сангаас төрийн албан хаагчдад орон сууцны урьдчилгаа төлбөрийн дэмжлэг үзүүлэхэд баримтлах зарчмын тухай” асуудлыг хэлэлцэж баталлаа. Ингэснээр нийслэл иргэддээ зориулан “Орон сууцны сан” байгуулахаар болж байгаа юм. Төсөлд тусгагдсанаар нийслэлийн харьяа төрийн албанд ажиллаж буй алба хаагчдад орон сууцны урьдчилгаа төлбөрийн 30-50 хүртэлх хувиар дэмжлэг үзүүлэх юм. Хэрэв тухайн төрийн албан хаагч урьдчилгаа төлбөрийн үлдэгдэл 50 хувиа өөрөө хариуцах боломжтой бол тодорхой шалгуурын дагуу ур чадвар, ажилласан жил зэргийг харгалзан худалдан авах орон сууцны урьдчилгаа төлбөрийн 50 хувийг нэг удаа буцалтгүй тусламжаар олгох боломжтой гэнэ.
Шалгуур нь их энгийн. Төрийн байгууллагад гурван жил ажилласан байх, өмнө нь байр худалдан аваагүй байх, гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд баригдах шинэ орон сууцнуудаас тухайн төрийн албан хаагч сонголтоо хийсэн байх шаардлагатай. Мөн дахин төлөвлөлтийн хүрээнд баригдаж энэ хавраас эхлэн ашиглалтад орох орон сууцны үнийн тухайд метр квадрат нь 1.5-1.750 сая төгрөг байх бөгөөд нэг алба хаагч 80м2 хүртэлх байрыг худалдан авахад нь тусламж үзүүлэх юм байна. Энэхүү ажиллагааг нь Монголбанк болон арилжааны банкууд дэмжиж байгаагаа илэрхийлээд асуудалгүй зээл олгох болно гэж ам мөчгөө өгөөд байгаа.
Залуу улсуудад байр худалдан авахад нь тусалж байгаа нь сайн хэрэг. Олон хүн орох оронтой болж, төрдөө тогтвортой ажиллах зэрэг олон давуу талтай. Гэвч айлын хүүхдүүдийг алаг үзэх төрийн бодлогыг НИТХ-аас гаргачхаж байгаа юм. Өнөөдөр энэ улс хувийн хэвшлийн татвар төлөгчдийн мөнгөөр төсвөө бүрдүүлж байгаа. Түүнээс нь төрийн албан хаагчид цалинжиж байгаа. Хувийн хэвшлийнхэн илүү хөдөлмөрлөж, төрийн албан хаагчид илүү цалинжиж байгаа. Гэтэл төрийн албан хаагчид цалингийн зээлтэй хэцүү байгаа болохоор мөнгөн хуримтлал үүсгэж чадахгүй тул ийнхүү дэмжлэг үзүүлж байгаа хэмээн тайлбарлаж байна. Бүхий л залуусын дүр төрх ийм байхад заавал төрийн албан хаагчдад тусламж үзүүлж байгаа нь НИТХ баялаг бүтээгчдэд “салаавч” гаргаж байгаагаас ялгаагүй үйлдэл юм. Нөгөө талаас ийнхүү ялгаварлаад байгаа нь Үндсэн хуульд зөрчиж байгааг хэлэх хүн ч байгаа. Тодруулбал Монгол Улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 2-т “Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөр өнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна” гэж заасныг НИТХ-ын гишүүд бодох ёстой. Хүнд байна гээд нэг хэсэгт давуу байдал өгөх ариун явдал уу? Төрд ажиллаагүй нь чадалгүй, төрд байгаа нь чадалтай харж үзнэ гэж байгаа юм биш үү? Зэрэг олон асуудлыг дагуулж байна.
Угтаа төр, хувийн хэвшилд ажилласан жилээр нь буцалтгүй тусламж олгодог болчихвол төрийн алба гэж хуйлрахгүй нь тодорхой. Хэцүү, хүнд гэвэл бүхий л салбарт хүнд байгааг бодох асуудал.
Баялаг бүтээгчдээ ялгаварлахгүй шударга шалгуур тогтоогоод өгчих НИТХ-ын гишүүдээ…
А.Баярмаа
Эх сурвалж: www.dorgio.mn