Завханаас УИХ-д сонгогдсон Д.Оюунхорол гишүүн Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд болоод 100 ч хоноогүй байхдаа олон хүнийг ажлаас халжээ. “Бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт” нэрийн дор ажлаас бөөндөх халах болсон байна. Цэвэрхэнээр хэлбэл, бүтцийн өөрчлөлт гэх ч үнэндээ өөрийнхөө төлөөллийн хүмүүсээр дүүргэх ажиллагаа гэх үү дээ.
Ажилгүй болсон 60 гаруй албан хаагчид арга нь мухардаад хэвлэлийн хурал хийж мэдэгдэв. Салбарын сайд нь тэднийг “Өөрсдөө өргөдлөө өгөөд гарцгаа. Ямар намын хүн сайд болсныг мэдэж байгаа биз дээ” гэж омогдсон гэх. Монгол төрийн залгамж халаа гэж гэж байхгүй болж намчирхаж, хийрхэж, төрийн албан хаагчдад хувийн сургуулийнхаа багш, ажилтнууд шиг аашилж болохгүй. Өөрийнхөө эзэмшлийн сургуульд энэ хүн яаж ч аашилж болно, таалагдахгүй нэгнийг халаад өөр хүнийг томилох нь түүний эрх. Харин төрийн яамны боловсон хүчнээр тоглож болохгүй.
Халагдсан 60 гаруй хүмүүс дунд олон жил яаманд ажиллаж байгаа төрийн мэргэшсэн албан хаагчид цөөнгүй байна. Д.Оюунхоролын толгойлж байгаа яам засаг солигдоход “жижигрээгүй”, харинч тэлсэн гэж хэлж болох юм. Соёл, спорт, аялал жуулчлалын яам татан буугдахад аж жуулчлалын салбарыг Байгаль орчин ногоон хөгжлийн яамруу шилжүүлсэн юм. Тийм болохоор учиргүй бүтцийн өөрчлөлт нэрээр олон хүнийг хомроглон халах үндэслэл багатай гэсэн үг. Уул уурхай зэрэг яамд ердөө 3-5 хүнийг л төрийн албан хаагчдыг 15 хувь хүртэл цомхотгоно гэсэн заалтын дагуу чөлөөлсөн байдаг. Гэтэл үүрэг, функц нь нэмэгдээд байгаа Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам л гэхэд ажлаас 47 хүнийг цомхотгосон гэх боловч атлаа 50 хүнийг ажилд авсан гэнэ. Харьяа газруудаас 10 гаруй хүнийг чөлөөлсөн юм байх.
Шинээр яаманд ажилд оруулсан 50 хүнийг Д.Оюунхорол сайдын нутаг Завханаас, намын харъяаллаар сорчилж оруулсан тухай хэвлэлүүд мэдээлж байна.
Эдийн засаг хүндрээд амаргүй энэ цаг үед эх хүн, багш хүн байж ийм олон хүнийг хоолноос салгачихаад өөрийнхөө шахааны нөхдүүдийг томилно гэдэг дэндүү увайгүй зан.
2015 оны хоёрдугаар сарын 27-нд гаргасан Д.Оюунхорол сайдын тушаалын дагуу Усны сав газрын 17 даргыг ажлаас чөлөөлжээ. Оронд нь аймаг, орон нутгийн ИТХ, намын идэвхтэй гишүүдийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон байна.
Энэ мэтчилэн халагдсан 60 гаруй албан хаагч нар нийлж Д.Оюунхорол сайдыг захиргааны хэргийн хариуцагчаар татан шүүхэд өгөх гэж буйгаа мэдэгдлээ. Учир нь, дээрх ажлаас чөлөөлсөн тушаалууд хууль эрх зүйн хувьд чадамжгүйгээр барахгүй сайдын албан тушаалаа ашиглаж хууль зөрчсөн үйлдэл гэж үзэж байгаа ажээ.
Идэр голын сав газрын дарга асан Г.Төрмөнх “Төрийн албыг хэтэрхий улстөржүүлж, албан тушаалыг намын нүдээр харсан томилгоо гэж үзэж байгаа. Учир нь бидний оронд түр орлон гүйцэтгэгчээр тавигдсан хүмүүсийн олонх нь тухайн орон нутгийн ИХТ, намын идэвхтэй гишүүд, дарга. Зөвхөн биднийг хууль бусаар халаад зогсохгүй мэргэжилтнүүдийг маань халж, солих ажил эхэллээ” гэж мэдэгдлээ. Таац голын сав газрын дарга асан Ц.Дамдинсүрэн “Хүний амьдрал хойно банкны зээлтэй гэх мэт асуудалтай л байж таарна. Гэтэл гэнэт халагдсаны мөнгө олгоно гээд л мэргэшсэн ажлаас нь халчихаж байгаа нь төрийн бодлогын өнөөгийн дүр төрхийг харууллаа” гэжээ.
Эхлээд хурган дарга нарыг дараа нь мэргэжилтнүүдийг халж эхэлсэн байна.
Эх сурвалж: www.times.mn