Нийслэлийн өмчийн харилцааны газраас нэр бүхий 21 байгууллага объектийг хувьчлахаар болжээ. Үүнд улсдаа ганцханд тооцогдох “Шүд эрүү нүүрний эмгэг судлалын төв”-ийг хувьчлахаар эрх мэдэлтнүүд сэм тохиролцсон байна. Уг нь бол “Шүд эрүү нүүрний эмгэг судлалын төв”-ийг хоёр жилийн өмнө акталж 12 давхар барилга барих шийдвэр гарчээ. Тэр арван хоёр давхартаа эмнэлгүүдийг оруулахаар төсөлд тусгагдсан байна.
Ийнхүү барилгыг нь арван хоёр давхар болгох нь бүү хэл нэг ч гар хүрэлгүй байсаар өнөөдөртэй золгоход хувьд эзэмшүүлж, худалдах тухай хуйвалдаан нийслэлийн хурлаар гарчихсан шахалт үзүүлж байгаа гэнэ.
Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд “Шүд эрүү нүүрний эмгэг судлалын төв”-ийн ажилчид нь түрээсийн байраар тоног төхөөрөмжөө чирээд хэсч буй. Тиймээс тэд нэг сардаа улсын төсвөөс 22 сая төгрөг түрээст өгдөг бол цахилгааны төлбөрт 700 сая төгрөг өгдөг аж.
Энэ сэм хуйвалдаанаас харвал эрх мэдэлтнүүд аанай л хувьчлал нэрийн дор “Шүд эрүү нүүрний эмгэг судлалын төв”-ийг байргүй болгож, аажмаар энэ төвийг устгах эхлэлийг тавьжээ. Үүний цаана өнөөх л хувьчлал нэрийн дор баяжигсадын нэрс байгааг надаар хэлүүлэх юун. Албан бус эх сурвалжийн мэдээлснээр бол энэ эмнэлгийн барилгыг АН, МАХН хэсэг нөхөд нийлж авахаар тохиролцсон гэлээ. Энэ бол албан эх сурвалж биш ч гэлээ Н.Удвал Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байхдаа хувьчлах асуудлыг дэмжсэн. Үүнд ямар нэгэн хэмжээгээр холбоотой хэмээв.
Н.Дөл
Эх сурвалж: www.unen.mn