Амьдралаа эхлүүлж байгаа залуу хосуудын хувьд шинэхэн, ба цагаахан мөрөөдөл бол Гэрлэх ёслолын ордонд орж, бөгж солилцон, төрдөө данслуулах гэвэл үнэнээс хол зөрөхгүй. Хэдийгээр хөрөнгө мөнгөний асуудлаас үүдэлтэйгээр өрхөө татаж байгаа айл бүр энэ ордонд орж чаддагүй ч гэр бүлээ зохиож байгаа залуусын хувьд зорьж очдог газар нь хэдийнэ болсон. Харин энэ цаг мөчөөс хойш гэр бүл болох залуус төрдөө данслуулах бус энэ ордныг хувьчилж авсан компанид тэр дундаа тухайн компанийн даргад гэрлэлтээ бүртгүүлэх болох нь. 40 гаруй жилийн түүхтэй энэ их өргөөг хувьчлах болсон шалтгаан нь “Ашиггүй ажилладаг” гэх тайлбар. Гэхдээ “Ашиггүй ажилладаг” гэх энэ үгийг дарга нар таалалдаа нийцүүлэхийн тулд гаргаж ирчихээд байгаа. Учир нь, тэртээх 1976 оноос хойш энэ байгууллага хувьчлагдах хэмжээнд хүртлээ ашиггүй ажиллаагүй. Тэр бүү хэл, жилдээ 400 гаруй сая төгрөгийн ашигтай ажиллаж байгааг ажилчид нь өөрсдөө баталж байгаа юм. Ингэхдээ хүчээр хувьчлах гэж байгаа Өмчийн харилцааны газар “Гэрлэх ёслолын ордон өнгөрсөн оны эхний зургаан сард 46 сая төгрөгийн алдагдалтай ажилласан учраас” гэдэг үндэслэлээр хувьчлах шалтгаа олчихоод байгаа. Гэтэл тухайн байгууллагын үйл ажиллагааны онцлогоос хамааран жилийн эхний хагаст алдагдалтай ажилладаг гэдгийг Гэрлэх ёслолын ордныхон хэлсэн. Өөрөөр хэлбэл, хахир хүйтэн өвлийн цагаар иргэд хурим найр хийдэггүй бөгөөд жилийн зургадугаар сараас арванхоёрдугаар сар хүр- тэл тасралтгүй найр наадам үргэлжилдэг. Хуримын ордон ч мөн энэ л жишгээр жилийн хагаст нормоо биелүүлээд зогсохгүй ашигтай ажилладаг байна. Энэ талаар Гэрлэх ёслолын ордны менежер Ж.Цэцэгдарь хэлэхдээ “Ашиггүй ажиллаж байгаа учраас хувьчилна гээд байгаа. Гэтэл манайх 1976 оноос хойш ашиггүй ажилласан түүх байхгүй. 2013 онд 248 сая төгрөгийн ашигтай ажилласан. Ер нь бол жилийн эхний хагаст бид алдагдалтай буюу ашиггүй ажилладаг. Эхний зургаан сард бараг хуримын ёслол хийдэггүй болохоор 32 ажилтны цалин, ус, цахилгаан, дулаан гээд алдагдал хүлээдэг нь үнэн. Гэхдээ үлдсэн зургаан сард буюу иргэд хурим найр их хийдэг зун, намрын сард гол ашгаа олдог. Хэдийгээр эхний зургаан сарын байдлыг харахаар алдагдалтай ажилладаг юм шиг харагдаж байгаа ч бид үнэндээ өнгөрсөн онд л гэхэд 400-гаад сая төгрөгийн ашигтай ажилласан. Нийслэлийн өмчийн харилцааны газраас 2014 онд 1260 айлын хуримын ёслол хийх “даалгавар” өгсөн ч бид 1563 айлын хурим хийж, нормоо давуулан биелүүлсэн” хэмээж байгаа. Албаны хүмүүсийн тайлбараас харахад Гэрлэх ёслолын ордныг хувьчлахын тулд хувьчлах гэж байгаа нь илт харагдаж байгаа юм. Ашгийг нь нэмэгдүүлнэ гэж ийнхүү хувьчлахаар улайрч байгаагийн цаана хэн нэгэн мөнгөтэй хүний эрх ашиг үйлчилж байна уу гэж хардахаас өөр аргагүй. Үнэндээ Гэрлэх ёслолын ордон байрлал сайтай, цаашлаад эргэн тойронд нь томоохон худалдааны төвөөс гадна “Шангрилла 2” зэрэг томоохон барилга байгууламж байдаг учраас магадгүй хүний төвлөрлөө дагаад томоохон зочид буудал эсвэл үйлчилгээний төв барихгүй гэх газаргүй. Хэдийгээр НИТХ дахь АН-ынхан “Хувьчилж байгаа барилгуудын зориулалтыг өөрчлөхгүй” гэж байгаа ч эзэн нь юмаа мэдэж, эрэг нь усаа хашдгийн адилаар мөнгөө төлөөд хувьчлаад авсан эрхэм Гэрлэх ёслолын ордон байсан газартаа луувангаа тарина уу лаагаа ургуулна уу ёстой маньд падлийгүй болж таарна. Яг л бид хажуу айл руугаа ороод “Танайх хашаандаа мод тарь” гэж хэлж чаддаггүй шиг. Үнэндээ үнэгүйдүүлэн хувьчилна гэдэг л энэ.
Энэ бол бас л манайдаа ганцад тооцогдох объект. Өөрөөр хэлбэл, энэ газар залуусын бие бялдрыг хөгжүүлж чийрэгжүүлэх зорилгоор тэртээх 1986 оноос үйл ажиллагаагаа эхэлсэн байдаг. Нэгэн үе хүүхэд, залуусын хамгийн их очих дуртай газрын нэг байсан энэ барилга сүүлийн жилүүдэд элэгдэлд орж, хөгцөрч мөөгөнцөртөх тохиолдол гарах болсон нь нууц биш. Ийнхүү төв бассейн өнгө зүс алдаж, олны хэл амны бай болох болсон нь хожмын буюу өнөөдрийн хувьчлалд хамруулахын эхлэл байжээ. Хэдийгээр итгэмээргүй сонсогдож байгаа ч гүйлгээ ухаантай, алсыг харсан улс төрчид гэдэг ийм л байдаг аж. Өөрөөр хэлбэл, энэхүү бассейнд сүүлийн 3-4 жил засвар арчлалт огт хийгээгүй бөгөөд “Төсөв хүрэлцэхгүй” гэх нэрийдлээр арга саам хийсээр өдий хүрсэн байх юм. Цаашлаад энэ бассейны даргыг байсхийгээд сольдог. Агааржуулагч салхивчийг солихгүй, норм нормативаар нь ажиллуулахгүй байснаас зайлшгүй их засвар хийхээс аргагүй байдалд хүрсэн гэдгийг ажилчид нь хэлж буй. Товчхондоо, энэ бассейныг мэргэжлийн бус хүмүүсээр удир- дуулж, зориулалтын бусаар ашиглуулсан нь ийнхүү өнгө зүсээ алдаж, элэгдэлд оруулсан байх юм. Ингэж өнгө зүсийг нь гундааж, “Хэнд ч хэрэггүй газар, хувьчлахад буруудах зүйлгүй” гэх үгийг хэн нэгний амнаас хаа нэгтэй унагуулсаар ийнхүү өнөөдөр хувьчлалын асуудлыг оруулж ирээд байна. Харин усан бассейныг хувьчлахаар ярьж эхэлсэнд удирдлага болон ажилчид нь мөн л сэтгэл дундуур байгаа. Тэдний тавьж буй гол асуудал нь “Энэ бассейныг хувьд шилжүүлбэл монголд усан спорт хөгжих ямар ч боломжгүй болно” гэдгийг хэлж байгаа. Үнэндээ төсвөөс мөнгө нэхэж гай болдоггүй, өөрийгөө болгоод байдаг, тэгээд ч болоогүй улсдаа ганц байдаг объектуудаа нийслэл ийнхүү албаар үнэгүйдүүлж, их мөнгөтэй бизнесмэнүүдийн халаасыг зузаат- гах ажлыг эхлүүлээд байна.
Ийнхүү нэр бүхий 19 объектыг нийслэл хувьчилснаар багагүй хэмжээний орлого нийслэлийн төсөвт нэмэлтээр төвлөрнө гэж үзэж байгаа. Гэтэл ингэж нийслэлд нэмэлт төсөв бүрдүүлэх нь аминд тулсан асуудал мөн эсэх нь эргэлзээтэй. Энгийнээр жишээлэхэд, хоолгүй хонох уу хотын төвд байр худалдаж авах уу гэдэг шиг нийслэлд нэмэлт төсөв бүрдүүлэх нь хоолойд тулсан ажил биш нь хэнд ч ойлгомжтой. Харин үүний оронд орны хүрэлцээгүйгээс коридорт хэвтэж байгаа ирээдүй хойчоо бодмоор. Хотын дарга хэрвээ харалган л биш бол үүнийг ойлгож байгаа байлтай. Эсвэл түүнд түмний хүүхдийг бодохоос илүү эрх ашиг үйлчлээд байна уу. Үгүй гэх нь ээ, нэгэнт ашиггүй ажиллаж байгаа барилгуудыг хувьчлаад төсөв хөрөнгө төвлөрүүлье гэж суумааргүй юм. Эмнэлгийн хүрэлцээгүй болсон учраас арга барахдаа Засгийн газрынхаа яам, агентлагийн байрыг эмнэлгийн зориулалтаар ашиглая гэж хүртэл ярьж байхад ”Ионсэй найрамдал” эмнэлэг, Шүд, эрүү нүүрний эмгэг судлалын төв зэрэг эмнэлгийг хувьчлахаар ярьж байгаа нь эрүүл үзэгдэл гэхэд итгэмээргүй. Цаашлаад нийслэлд илүүдээд байгаа 19 объектын 11 нь дүүрэг, хорооны Эрүүл мэндийн төвийн байр байгаа юм. Хэдийгээр эдгээр барилга хуучирч муудсан, ашиглах боломжгүй болсон ч оронд нь өнөөх нэмэгдэл хөрөнгөөрөө шинэ эмнэлэг барьчихаж яагаад болохгүй байгаа нь сонин. Үнэндээ энэ бол олны нүдэн дээр ил цагаанаар хийж буй дээрэм гэж дүгнэхэд нэг их буруудахгүй л болов уу. Магадгүй их мөнгөтэй, томоохон бизнесмэний мэргэн санаа ийнхүү Хотын даргын чихэнд хүрснээр ажил хэрэг болоод байгаа нь энэ ч юм билүү, хэн мэдлээ. Улс төрийн жүжиг хэзээд хөшигний цаана өрнөдөг юм хойно.
Эх сурвалж: www.unen.mn