Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 421 дүгээр анги буюу Амгалангийн хорих ангид ял эдэлж байсан
Ш.Лхагватай ярилцлаа. Тэрбээр хорих ангид болдог элдэв асуудлын талаар сонирхолтой зүйлүүд ярьж байсан юм.
-Амгалангийн хорихоос суллагдаад бараг хоёр жил болсон гэсэн. Одоо юу хийж, яаж амьдарч байна даа?
-За даа, одоо ч хийсэн юм алга даа. Суллагдаж гарч ирээд “Жигүүр гранд”-д дөрвөн сар туслах ажилчин хийсэн. Тэгсэн нэг л өдөр ял эдэлж байсныг мэдээд халчихсан.
-Та Амгалангийн хорих ангид хэдэн жил ял эдэлсэн бэ?
-Уг нь бол гурван жил ял эдлэх байсан. Гэхдээ нэг жил дөрвөн сар гаруй л хоригдсон. Учир нь шоронгийн удирдлага намайг сайн хүмүүжсэн гэж үзээд хугацаанаас өмнө сулласан.
-Хорих ангид хүний эрх хэр их зөрчигддөг вэ, гадуур янз бүрийн яриа байдаг?
-Миний хэрэг Ганц худагт таслагдаад Амгалангийн хориход 2008 оны есдүгээр сард очсон. Тэгэхэд Амгалангийн хорих дөнгөж шинээр баригдсан, ашиглалтад ороод нэг л жил болж байсан. Гэтэл өвөл нь бид хөлдөж үхэх шахтлаа даардаг байж билээ. Ер нь л их зутарсандаа.
-Ашиглалтад ороод удаагүй байсан юм бол яагаад хөлдөж үхэх шахдаг билээ?
-Дээврээс нь байнга ус гоождог байсан. Түүнээс болж хана нь цан цохьчихдог юм. Хоригдлуудыг өглөө босч ирэхэд хөнжил нойтон шахуу байдаг. Ер нь бол байнга л чийгтэй байдаг даа.
-Хүйтэнд, чийгтэй байшинд удаан байх нь эрүүл мэндэд аюултай. Янз бүрийн өвчин гарна биз?
-Тухайн үед шоронд хоригдож байсан хүмүүс бүгд ханиадтай, эмнэлэг нь байнга пиг дүүрэн байдаг байв.
Амгалангийн хорих ашиглалтад орсны дараахан Хууль зүйн сайд Ц.Нямдорж ирж байсан. Сайдыг ирнэ гээд шоронгийнхон дээр дооргүй гүйлдэн бэлтгэж байв. Уг нь бол гэнэтийн шалгалт хийвэл шорон доторх амьдрал жинхэнээрээ мэдэгдэнэ. Гэвч тэгдэггүй. Дарга сайд ирэх үед хянагч нар хоригдлуудад “Хулгайчууд аа, амаа татаарай. Та нар янз янзьн юм ярив аа” гэж занаж сүрдүүлдэг болохоор хэн ч, юу ч ярьдаггүй байсан.
-Тэнд хоол унд нь ямар байсан бэ?
-Дансаар бол 200 гаруй хоригдол байдаг. Гэхдээ эдний 50 гаруй нь л хоолонд ордог юм. Бусад нь овгорууд болон тэдний хүмүүс учир шоронгийн хоолыг иддэггүй. Төрөөс 200 гаруй хүнээр тооцож мөнгө өгдөг байж таараа. Тэгэхээр хоолонд ордоггүй 150 хүний мөнгө хаашаа ордог юм бол. Тухайн үед энэ сонин санагддаг байсан.
-Овгорууд болон тэдний хүмүүс яагаад шоронгийн хоол иддэггүй гэж?
-Овгорууд өөрсдөө мөнгөтэй байхаас гадна хөрөнгө чинээтэй хоригдлуудыг ивээлдээ авч хүчирхэгждэг. Олон жилийн ялтай овгорууд тэднийг зодоон цохион, дарамт шахалтнаас хамгаалсныхаа төлөө нарсанд байгаа ч наранд байгаа мэт юу хүссэнээ идэж, юу дуртайгаа өмсөж чаддаг. Тэд нар өрөөндөө плитка савтай болохоор дуртай хоолоо хийж иддэг юм. Овгор болон түүний ивээлд байгаа хүмүүс засгийн хоол иддэггүй гэсэн шоронгийн бичигдээгүй хууль байдаг гэж болно.
-200 хүний 150 нь засгийн хоол иддэггүй юм бол бүгдээрээ шахуу овгор юм уу?
-Гал хам болоод нэгдчихдэг. Овгорууд нутаг нугын болон мөнгөтэй байрын хүнийг өөд татаад, ивээлдээ авчихаар олуулаа болчихдог юм.
-Та засгийн хоол иддэг байсан уу?
-Үгүй, иддэггүй байсан. Тэгээд ч тэнд 200 хүнийг хооллох том өрөө байдаггүй.
-Ардчилсан нийгэмд хүн бүрт эрх гэж бий. Ялтанд ч гэсэн эрх байх ёстой. Амгалангийн хориход энэ эрхийг хэр их зөрчдөг вэ?
-Маш их зөрчигддөг. Би Амгалангийн хориход ял эдэлж байхдаа эмнэлэгт нь хэвтэж байсан. Учир нь шоронд ороогүй байхдаа аваарт ороод, аарцагны ясаа цуулчихсан юм. Эмнэлэгт хэвтэж байтал ангийн дарга, хурандаа н.Цогт-Очир “Талбай дээр гараад ир” гэж дуудуулсан. Би ч гараад очсон. Чи яахаараа ажилд гардаггүй юм гэхээр нь “Би аваарт орсон учраас хүнд юм өргөж болохгүй” гэж хэлсэн чинь маш их уурласан. Бас надаас гадна хоёр хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан юм. Тэгээд хянагчаар банз авчруулаад бид гурвыг ёстой нэг “машиндаж” өгсөн дөө.
-Амгалангийн хориход өвчтэй хүнийг ажил хийсэнгүй гээд банзддаг юм байж. Өөр шүүмжилж хэлэх доголдолтой зүйл юу байна?
-Цус ойртсон байдал ажиглагддаг. Эхнэр нөхөр, ах дүү гээд хамаатан садан нь бүгд шахуу хориход ажилладаг. Энэ нь маш их аюултай. Би нэг хянагчтай маргалдлаа гэхэд тэнд ажиллаж байгаа бүх хамсаатан нь миний эсрэг болно гэсэн үг. Би өөрөө энэ байдлыг мэдэрч үзсэн болохоор ингэж итгэлтэй хэлээд байгаа юм. Цус ойртсон энэ байдлыг өөрчлөхгүй л бол шоронгийн диктатур, дотоод дэг журамд муугаар нөлөөлнө. Энэ нь хоригдлуудын хувьд сэтгэл санааны болон цаашлаад амиа хорлох хэмжээнд хүртэл асуудал үүсгэж байна.
-Жишээ нь яг яаж нөлөөлөх вэ?
-Жишээ нь төлөөлөгч намайг зохих хэмжээний ялаа эдэлж байгаа ялтан гэж дүгнэж байгаа гэж бодъё. Харин хянагчтай янз бүрийн байдлаас болж муудалцвал өстөн хэмээн харьцах болно. Би дээр хэлсэнчлэн ангийн дарга Цогт-Очир эмнэлэгт хэвтэж байгаа хүнийг ажил хийсэнгүй хэмээн банзаар зодно гэдэг тэр хүнд ямар нэг хов хүрчээ л гэсэн үг. Дөрвөлжин хашаан доторх шоронгийн амьдралыг туулахын тулд цаг минут тутамд толгойгоо ажиллуулж байх ёстой.
-Нэг хоригдлыг суллагдахад нь шоронгийн удирдлага ЖИП машинаар гэрт нь хүргэж өгсөн тохиолдол байдаг гэнэ лээ. Та энэ талаар мэдэх үү?
-Мэдэлгүй яахав. ЖИП-ээр хүргүүлсэн тэр нөхөр таван жил илүү хоригдсон юм. Шүүхийн шийдвэр гүйцэтгэхийнхэний хариуцлагагүй байдлаас болсон гэнэ лээ. Таван жил илүү суугаад гарна гэдэг бол тоглоом биш. Тэр хугацаанд хүн амь насаа алдаж ч болно ш дээ.
-Хүний эрх аймшигтай зөрчигдсөн байна?
-Зөрчигдөхөөр барах уу. Намайг Ганц худагт байхад Хүний эрхийн үндэсний комиссын ажилтнууд ирж судалгаа авсан юм. Тэгэхэд шоронгийн хянагч нар нь “Юу ярихаа мэдэж байгаа биз дээ” хэмээн анхааруулж байсан. Хүний эрхийнхэн “Дарамт шахалт байна уу, сэтгэл санаа ямар байна, шүүх прокурорынхоны үйлчилгээ байна уу” зэрэг асуулттай судалгааны цаас өгч бөглүүлсэн юм. Гэтэл камер болгоны өмнө нэг нэг хянагч оччихоод нүд амаараа дохиж, анхаарал хандуулж байсан. Би судалгааны нэг асуултад “Муу ш дээ” гээд хариулчихсан чинь дараа нь үхтлээ зодуулсан. Тийм хүний эрх гэж байдаг юм уу. Хуулийн байгууллагынханд итгэх хэрэггүй юм байна гэж бодсон. Тэрний оронд зүгээр л ялаа эдлээд, эсэн мэнд гарсан нь дээр. Шоронд бол хүний эрхийн тухай яриад хэрэггүй. Өөрчлөгдтөлөө удна даа. Хүний эрхийнхэн хүний эрхийг хамгаалах гэж яваа юм бол камер болгон дээрх хянагчийг зохицуулах л ёстой биз дээ.
-Хүний эрхийн үндэсний комиссынхон хоригдлуудын эрхтэй холбоотой өргөдөл гомдол сүүлийн үед цөөрсөн, ер нь гайгүй болж байгаа өнцгөөс ярьж байна билээ?
-Тийм үү. Тэгвэл тэр Хүний эрхийн комисс дээр чинь хоёулаа цуг очъё. Би ёстой бүгдийн хэлээд өгье. Тэд нар чинь ёстой юу ч мэддэггүй юм байна лээ.
-Таныг хоригдож байх үед гадаадын хоригдол байсан уу. Байсан бол тэдэнд хэр дарамт ирдэг бол?
-Хоёр хятад таван жилийн ялтай хоригдож байсан. Нэгийг нь Шуума гэдэг. Шоронгийн удирдлага тэр хоёрт эмнэлэг дотор тусад нь өрөө гаргаад өгчихсөн, тэгээд нөгөө хоёр нь тансаглаад л байж байдаг. Шуума нь бүр хорихын хашаан дотор хүнсний дэлгүүр ажиллуулдаг байсан гээд бод доо. Би угийн үндсэрхэг үзэлтэй нөхөр болохоор дургүй хүрээд заримдаа “их өднө”. Тэгэхээр өнөө хужаа чинь “Чи яагаад байна аа, намайг даргаа мэднээ” гэдэг. Шоронгийнхон тэр хоёр хужааг цаанаа мотортой гэдгийг мэддэг болохоор нэг их оролддоггүй юм. Бас цианитийн хоёр хужаа байсан. Тэр хоёр хөөрхий “вареньтгүй” юм шиг байна лээ. Бидэнтэй адил хорих өрөөнд байдаг байсан. Ер нь тэгээд мөнгөтэй бол шоронд ядрахгүй дээ. Эрх чөлөөгүй л болохоос нарнаас тансаг амьдардаг хоригдлууд олон байдаг.
Эх сурвалж: Agshin.mn