Авлигатай тэмцэх газраас мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж шалгасан Сэлэнгэ аймгийн Ерөө сумын сум дундын ойн ангийн дарга Д.Тэрбиш нарт холбогдох хэргийг 2015 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр Сум дундын 20 дугаар шүүхийн хуралдаанаар шийдвэрлэжээ.Сэлэнгэ аймгийн Ерөө сумын сум дундын Ойн ангийн дарга Д.Тэрбиш нь 2013 оны 12 дугаар сард албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Хүдэр суманд үйл ажиллагаа явуулдаг хэрэглээний мод бэлтгэх эрхгүй “Хүдэр өсөх” ХХК-ийн захирал Р.Лхагвадоржтой тохиролцон Ерөө сумын нутаг дэвсгэр “Баяны ар” гэх газарт хууль бусаар нойтон мод бэлтгүүлж байгаль экологид онц их хэмжээний буюу 59.3 сая төгрөгийн хохирол учруулсан байна. Ойн ангийн мэргэжилтэн Н.Буяндэлгэр нь мод бэлтгэж эхлэхээс өмнө газар тусгаарлалт хийх ёстой байсан боловч мод бэлтгэж эхэлснээс хойш 5.5 га газарт тусгаарлалт хийж албан үүрэгтээ хайнга ханджээ.
Сум дундын 20 дугаар шүүхээс Ойн ангийн дарга Д.Тэрбишид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2-т зааснаар тодорхой албан тушаал эрхлэх эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 52 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээ буюу 9 сая 984 мянган төгрөгөөр торгох ял оногдуулав. Түүнчлэн Ойн ангийн мэргэжилтан Н.Буяндэлгэрт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 272 дугаар зүйлийн 272.2-т зааснаар нэг жилийн хугацаагаар хорих ял, “Хүдэр өсөх” ХХК-ийн захирал Р.Лхагвадоржид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.2-т зааснаар 2 жилийн хорих ял тус тус оногдуулжээ. Ар гэрийн байдлыг нь харгалзан үзэж, Н.Буяндэлгэр, Р.Лхагвадорж нарт хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг тодорхой хугацаагаар хойшлуулж шийдвэрлэсэн байна.
“Говь Гурван Сайхан” ХХК-ийн захирал хахууль өгсөнийхөө төлөө ял авав
Авлигатай тэмцэх газраас мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж шалгасан Онцгой байдлын ерөнхий газрын Гал түймэртэй тэмцэх газрын хяналтын хэлтсийн ахлах мэргэжилтэн буюу тасгийн дарга албан тушаалтай Д.Тогооням нарт холбогдох хэргийг 2015 оны 3 дугаар сарын 6-ны өдөр дүүргийн эрүүгийн I шүүхийн хуралдаанаар шийдвэрлэв.
Д.Тогооням нь Өмнөговь аймгийн Онцгой байдлын хэлтсийн галын депогийн барилгыг барьсан “Говь Гурван Сайхан” ХХК-ийн захирал н.Цэдэнсамбаас 20 сая төгрөгийн хээл хахууль авчээ. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.6-д заасан “Бараа, ажил, үйлчилгээний чанарын баталгаат хугацаанд гүйцэтгэгчийн хүлээсэн үүргийн биелэлтийг баталгаажуулах зорилгоор гэрээний үнийн дүнгийн 5-10 хувийг уг хугацаа дуустал барьцаалах” гэсэн заалтыг хэрэгжүүлэхгүй байх, санхүүжилтийг бүрэн олгох, мөн 2011 онд нийслэлийн Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдах Гал унтраах 65 дугаар ангийн барилгын гүйцэтгэгчээр “Говь Гурван Сайхан” ХХК-ийг шалгаруулахаар урьдчилан амласан бөгөөд 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдөр нийслэлийн Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Өгөөж” ХХК-ийн урд автомашины зогсоол дээр 20 сая төгрөг авсан үйлдэл нь мөрдөн байцаалтаар тогтоогджээ.
Дүүргийн эрүүгийн I шүүхээс Онцгой байдлын ерөнхий газрын Гал түймэртэй тэмцэх газрын хяналтын хэлтсийн ахлах мэргэжилтэн буюу тасгийн дарга Д.Тогоонямд 5.1 жил, н.Цэдэнсамбад 1.1 жилийн хорих ял оногдуулсан байна.
Хуурамч диплом ашиглан төрийн албанд ажиллаж байгаа хэргийг цагдаагийн байгууллагад шилжүүллээ
Авлигатай тэмцэх газраас хуульд заасан чиг үүргийнхээ хүрээнд 2015 оны 01 дүгээр сараас эхлэн нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 1628 нэр дэвшигчийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянан шалгасан байна.
Мөн хяналт шалгалтаар сүүлийн үед нэр дэвшсэн этгээд нь ажлын байранд тавигдах шаардлага, шалгуур үзүүлэлтийг хангахгүй байх, нэр дэвшигчийн эзэмшсэн боловсрол, мэргэжил, туршлагад нь тааруулсан ажлын байрны тодорхойлолтыг батлуулж гаргах, зарим нэр дэвшигч нь хуурамч диплом ашиглан төрийн албанд ажиллаж байгаа зэрэг зөрчлүүд тогтоогдлоо.
Тус газраас зөрчил гаргасан албан тушаалтанд хариуцлага тооцуулах болон хуурамч бичиг баримт ашигласан асуудлыг Цагдаагийн байгууллагад шилжүүлэн шалгуулах, түүнчлэн нэр дэвшигчидтэй холбоотой асуудлыг Төрийн албаны зөвлөлтэй хамтран хянан шалгахаар ажиллаж байгаа аж.
Баянгол дүүргийн ИТХ хууль зөрчиж иргэдээс хандив цуглуулсаныг тогтоов
Авлигатай тэмцэх газраас Баянгол дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны 25 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Баянгол дүүрэг байгуулагдсаны 50 жилийн ойд зориулж иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хандивын орлогыг хүлээн авах, зарцуулах, тайлагнах журам”-ыг ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 06 дугаар тогтоолоор хүчингүй болгожээ. Мөн уг журмын дагуу иргэд, аж ахуйн нэгжээс хандивласан 74 сая төгрөгөөс 5 иргэний 52 сая төгрөгийг буцаан олгож шийдвэрлэсэн байна. Зөвлөмжийн хүрээнд мэдүүлэг гаргагч албан тушаалтнууд болон авлигад өртөх эсдэл бүхий албан хаагчидтай “Ашиг сонирхлын зөрчлөөс хамгаалах гэрээ” байгуулах, орон нутагт зохион байгуулдаг үр ашиггүй сургалтын зогсоох, удирдлагын шийдвэр боловсруулахад авлигын эсрэг хууль тогтоомжийг сануулсан саналын хуудас боловсруулан, мэдэгдэл тайлбарын бүртгэлийг дэвтрээр болон цахимаар бүртгэх, авлигад өртөх эрсдэлтэй ажил албан тушаал, үйлчилгээний жагсаалт гаргах, дүүргийн Засаг даргын 2014 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн “Төсвийн хөрөнгийг буцаан төвлөрүүлэх арга хэмжээ авах тухай” захирамжаар БНХАУ-ын Хайнан мужид аялсан нэр бүхий 7 албан хаагчийн зардал болох 8 сая 500 гаруй мянган төгрөгийг буцаан төлүүлэх зэрэг ажлуудыг зохион байгуулжээ.
Авлигатай тэмцэх газраас Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг зөрчсөн асуудлаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт, Говь-Алтай аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн дарга А.Дэлгэржаргал нарт албан бичиг хүргүүлэв.
Орон нутгийн өмчөөр өөрийнхөө болон намын сурталчилгаа хийсэн О.Амгаланбаатар сануулга өгөв
Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар Говь-Алтай аймгийн “Эрүүл ус” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт үйлдвэрлэсэн цэвэр усны савны шошго дээр “Бидний Алтай хөтөлбөр-Алтай нутгийн ард түмнийг эрүүл, аюулгүй ундны усаар хангахад сэтгэл зүтгэл гарган ажиллав. Говь-Алтай аймгийн Ардчилсан намын дарга, аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар” гэсэн бичвэр бүхий өөрийн цээж зураг, гарын үсгийг хэвлэн байршуулжээ. Энэ асуудлыг Авлигатай тэмцэх газар авлига, ашиг сонирхлын зөрчлийн эсрэг хууль тогтоомжид заасан чиг үүрэг, бүрэн эрхийнхээ дагуу хянан үзэв.
Засаг дарга О.Амгаланбаатар нь орон нутгийн өмчийн хөрөнгөөр хийгдэж байгаа ажил, үйлчилгээгээр дамжуулан өөрийн албаны болон намын сурталчилгааг хийсэн нь Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.6, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-т заасныг тус тус зөрчсөн байна. Тиймээс Авлигатай тэмцэх газар ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль тогтоомжид заасны дагуу О.Амгаланбаатарт сахилгын шийтгэл ногдуулж, хариуцлага тооцохыг эрх бүхий албан тушаалтанд мэдэгдэв.
Уг албан бичгийн хариуд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Ч.Сайнбилэгээс Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатарт улс, орон нутгийн өмчийн хөрөнгөөр хийгдэж байгаа ажил, үйлчилгээгээр дамжуулан өөрийн сурталчилгаа хийхгүй байхыг сануулсан талаар манайд мэдэгдлээ.
Д.Ундрах
Эх сурвалж: www.24tsag.mn