Comment.mn

В.Путины “буудах жагсаалт”-д хэн хэн багтав

 

Өнгөрсөн хоёрдугаар сарын сүүлээр амиа алдсан сөрөг хүчний улстөрч Борис Немцовын хэрэгтэй холбоотой шинэ шинэ баримтууд цацагдсаар байгаа юм. Хамгийн сүүлд уг аллагын хэрэгт таван хүнийг сэжиглэн баривчилсан бөгөөд хоёрыг нь албан ёсоор Немцовыг хөнөөсөн хэрэгт буруутгаж байгаа билээ. Гол сэжигтэн болох Заур Дадаев  аллагад оролцсон гэдгээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг өгчээ. Түүнчлэн исламын шашны шүтлэгтэй тэрээр өш хонзон авах зорилгоор Немцовын амийг бүрэлгэсэн гэх тайлбар өгөөд байгаа аж.

 

Тэгвэл Оросын сөрөг хүчин болон зарим хэвлэл мэдээллийнхэн энэ хэрэгт Чечень, Оросын улс төрийн өндөр албан тушаалтнууд холбоотой байсан гэх мэдээллийг өгч байна. “Новая Газета” сонин хэргийг зохион байгуулсан хүнийг Руслан гэдэг бөгөөд түүнийг Дотоод хэргийн яам, Холбооны аюулгүй байдлын агентлагийн хүмүүс ч танина гэсэн утга бүхий нийтлэл гаргажээ. Гэхдээ мэдээллийн эх сурвалжийг нарийн дурьдаагүй юм.

 

Мөн Холбооны зөвлөлөөс Чеченьд сонгогдсон гишүүн Сулейма Геремеевийг түүнийг авга ах, Төрийн Думын гишүүн Адам Делимхановыг Русланы ойрын хамаатан гэх мэдээллийг сөрөг хүчний улстөрч Алексей Навальный өөрийн твиттер хуудсаараа дамжуулан мэдээлсэн байна.

 

Кадыров сэжигтнүүдийг эх оронч гэв-

 

Чеченийн удирдагч Рамзан Кадыров Немцовын аллагын сэжигтнүүд тодрохоос өмнө уг хэргийг “Барууны нууц ажиллагаа” байсан хэмээн тайлбарлаж байсан юм. Гэвч нэр бүхий таван хүнийг сэжигтнээр татсаны дараа Кадыров өмнөх мэдэгдлээсээ ухарсан байна.

 

-В.Путин болон Рамзан Кадыров-

 

Заур Дадаевийг өмнө нь таньдаг байсан Кадыров түүнийг  жинхэнэ эх оронч, гүнзгий итгэл үнэмшилтэй мусульман хүн байсан гэж мэдэгдсэн юм. Үүгээр ч зогсохгүй Дадаев юуны учир Дотоодын цэргээс халагдсаныг нь тодруулах үүрийг Чеченийн Аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Вахид Усмаевт өгчээ.

 

Кадыровын энэхүү мэдэгдлийг хийгээд долоо ч хоноогүй байхад ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин түүнийг нэр хүндтэй одонгоор шагнасан нь олон нийтэд бүр ч эргэлзээ төрүүлж байгаа аж.

 

-В.Путины “буудах жагсаалт”-

 

“Новая Газета” сонины дахин нэг шуугиан тарьсан мэдээлэл нь Ерөнхийлөгч В.Путины “буудах жагсаалт” нэртэй хар дансны тухай юм. Тус сонины мэдээлснээр, энэхүү “буудах жагсаалт”-д амиа алдсан улстөрч Немцовоос гадна Оросын газрын тосны “Юкос” компанийн тэргүүн асан Михаил Ходорковский, телевизийн хөтлөгч Ксения Собчак зэрэг улстөрч болон сэтгүүлчдийн нэрс байж болзошгүй гэжээ. Мөн эдгээр хүмүүсийг тусгай бэлтгэгдсэн алуурчдын баг хариуцаж байсан гэх таамаглал дэвшүүлсэн байна.

 

Харин Ерөнхийлөгч В.Путины хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков лхагва гарагт “Эхо Москвы” радиод өгсөн ярилцагадаа үүнийг хий хоосон зүйл гэж мэдэгджээ. Гэхдээ тэрээр хууль сахиулах болон аюулгүй байдалтай холбоотой нарийн тайланг мэдэхгүй учраас В.Путинд ийм жагсаалт байхгүй гэдгийг бүрэн үгүйсгэж чадаагүй байна.

 

-Кулле Писнаненд илгээсэн оршуулгын цэцгийн хэлхээ-

 

Дээрх мэдээлэл цацагдаад удаагүй байтал Михаил Ходорковскийгийн хэвлэлийн төлөөлөгч Кулле Писнанений Москва дахь гэрийн үүдэнд оршуулгын цэцгийн хэлхээ тавьсан тухай мэдээлэл гарчээ. Тэрээр уг цэцгийн зургийг авч өөрийн фэйсбүүк хуудсандаа тавьсан бөгөөд “Цэцэгтэй хамт ямар ч зурвас байгаагүй. Бас үүнийг хэн, хаанаас илгээснийг ч мэдэхгүй байна. Харин энэ цэцгийн хэлхээг оршуулганд л хэрэглэдэг гэдгийг мэдэж байна” гэж бичжээ. Писнанений тайлбарлаж буйгаар уг цэцгийн хэлхээ нь Оросын заншил ёсоор 60 ширхэг цэцгээс бүрдсэн оршуулгын цэцгийн хэлхээ байсан гэнэ.

 

Б.Саруул 

 

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.