УИХ сар шинийн өмнөхөн Өрийн удирдлагын хуулийн баталсан. Ингэснээр Монгол Улс ДНБ-ийхээ 70 хувь, үүн дээр Засгийн газрын баталгааны 20 хувь нийтдээ 90 хувьтай тэнцэхүйц өр тавих бололцоо бүрдээд байгаа юм.
Өнөөдөр Монгол Улсын иргэн бүр өөрөө ч мэдэхгүйгээр дөрвөн сая төгрөгийн өртэй болчихоод байгааг эдийн засагчид онцолж байна. Өрийн удирдлагын хууль батлагдснаар 2015 онд хоёр их наяд, 2016 онд 2.2 их наяд төгрөгийн зээл авах боломж бүрдэх аж.
Гэтэл манай улсын гадаад өр 100 сая ам.доллараар нэмэгдсэн гэх мэдээлэл өнөөдрийн онцлох сэдэв болоод байна. Тодруулбал, Канадын хөрөнгө оруулалттай “Хан ресурс” компани 2009 онд Монгол Улсын засгийн газрыг ураны лицценз цуцалсантай холбогдуулан олон улсын арбитрын шүүхэд хандаад байсан. Энэ хэрэг зургаан жил үргэлжилж энэ долоо хоногт шийдвэрээ гаргалаа. Өөрөөр хэлбэл тус шүүх хуралд Монгол Улсын Засгийн газар ялагдаж 100 сая ам.долларын нөхөн төлбөр төлөхөөр боллоо.
Түүнчлэн Парисын олон улсын Арбитрын шүүх “Хан ресурс”-ийн заргыг шүүхдээ “Монголын Засгийн газар эрчим хүчний гэрээ болон Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн хэд хэдэн заалтыг зөрчсөн” гэжээ. Мөн “Хан ресурс”-т учирсан хохирлыг өнөөгийн ханшаар үнэлж гаргасан бөгөөд тусгай зөвшөөрлийг нь хууль бусаар цуцалснаас болоод компанид 83.3 сая долларын хохирол учирсан гэж үзсэн байна. Үүн дээр компанийн өмгөөллийн зардал болох 9.1 сая ам.долларыг Хан ресурс”- компанид олгох шийдвэр гаргасан. Уг нь Монгол Улсын Засгийн газар олон улсад нэр хүндтэй, арбитрийн чиглэлээр мэргэшсэн “Хоген ловеллс” гэх хуулийн фермийг хөлслөн ажиллуулж байсан юм. Тиймдээ ч Монголын тал энэхүү заргаа авна хэмээн тухайн үед мэдэгдсэн байсан. Харин өнөөдөр хэрэг эсрэгээрээ шийдэгдэж монголын тал 100 сая ам.долларын нөхөн төлбөр олгохоор болов.
Түүнчлэн бас нэг чухал асуудал бол дээрх үйл явдалтай зэрэгцээд Монгол Улсын нэр хүнд ихээхэн унах аюултайг учир мэдэх хүмүүс онцолж байна. Сүүлийн хоёр жилийн хугацаанд Монгол Улсын эдийн засаг уналттай байж ирсэн. Үүнтэй холбоотойгоор гадаадын хөрөнгө оруулалт буурсан. Мөн “Хан ресурс “-ийн хэргээс үүдэн гадаадын хөрөнгө оруулагчид манай улсаас татгалзах магадлалтай гэдгийг эдийн засагчид хэлж байна.
Шүүхийн шийдвэрийн дараа “Хан ресурс” компанийн гүйцэтгэх захирал Грант Эди “ Арбитрын шүүх шударга шүүсэнд баярлалаа. Шүүхийн шийдвэр бидний талд гарсанд баяртай байна. Мөн Монгол Улсын хуулийг зөрчсөн гэх нэрнээсээ саллаа. Монголын Засгийн газар хууль бус үйлдэл гаргасныхаа хариуд шүүхийн шийдвэрийн дагуу нөхөн төлбөрийг шуурхай олгохыг хүсье” гэж мэдэгдээд байгаа билээ.
Өнөөдрийн байдлаар Монгол Улсын Засгийн газраас ямар нэгэн тайлбар хэлээгүй байна. Харин Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Баярцэцэгээс сэтгүүлчид дараах асуудлыг тодруулсан юм. Тэрбээр “Монгол Улсын Засгийн газар давж заалдах эрхтэй. Мөн тухайн компанитайгаа тохирох асуудал ч нээлттэй. Аль замыг сонгохыг Монгол Улсын Засгийн газар шийднэ” гэсэн юм. Тэгэхээр манай тал ямар ч тохиолдолд 100 сая ам.доллар төлөх ёстой. Ингэхдээ цаг хугацааны хувьд хэзээ гэдэг нь тодорхойгүй. Хамгийн гол нь манай улсын эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгаа энэ үед 100 сая ам.доллар нөхөн төлбөрт олгоно гэдэг хүндрэлтэй.
Тиймээс Ч.Сайханбилэгээр ахлуулсан Шийдлийн Засгийн газар энэхүү хэргийг хэрхэн шийдэхийг олон нийт болоод дэлхийн улс орнууд анхаарч, анзаарч харж байна. Нөгөө талаар Арбитрын шүүх эцсийн шийдвэр гаргадаг учир давж заалдахгүй байх магадлалтай. Иймд “Хан ресурс”-тай Монголын Засгийн газар тохиролцох сонголт үлдэж магадгүй. Хэрвээ тохиролцох бол яаж гэдгийг Засгийн газар болоод Ерөнхий сайд Ч.Сайханбилэг шийднэ. Тиймээс Ч.Сайханбилэгийг ямар оновчтой шийдвэр гаргахыг нийгэм хүлээж байна. Нөгөө талаар Ч.Сайханбилэг Ерөнхий сайдаар томилогдоод удаагүй байгаа. Дээрх “Хан ресурс”-ийн хэрэг түүний анхны сорилт байж мэдэх.
Д.Анар
Эх сурвалж: www.unen.mn