Comment.mn

Я.Батсуурийг саатуулах хугацааг сунгасан энэ үед Г.Дэнзэнгийн асуудал сөхөгдөж эхлэх үү


Я.Батсуурийг саатуулах хугацааг сунгасан энэ үед Г.Дэнзэнгийн асуудал сөхөгдөж эхлэх үү
“Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн  захирал Я.Батсуурийг ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид баривчлан саатуулсан талаар бид мэдээлсэн. Хуульд зааснаар  тухайн иргэнийг саатуулсан тохиолдолд 72 цаг саатуулдаг. Улмаар уг хугацаа дуусах үед саатуулах өдрийг сунгах эсэхийг  шүүхээс шийддэг. Тэгвэл  Я.Батсуурийг  саатуулах хугацааг  шүүхээс 14 хоногоор сунгасан юм.Түүнчлэн  Я.Батсуурийг Г.Дэнзэнгийн эхнэрийн “Говь Пауэр” ХХК-д 4.5 тэрбум төгрөгийг эвлэрлийн гэрээний үндсэн дээр олгосон гэдэг үндэслэлээр цагдан хорьсон гэх мэдээлэл байгаа билээ. Я.Батсуурийн тухайд “Эрдэнэс Тавантолгой”-н захирал болснынхоо дараа “Ер нь Тавантолгойн зөвшөөрлийн асуудал өөрөө маргаантай. УИХ-ын нэр бүхий гишүүд энэ асуудлыг байнга сөхөж тавьдаг шүү дээ. Хэдийгээр энэ асуудал 39 дүгээр тогтоолын төсөлд өөрчлөлт оруулахтай холбогдолгүй ч гэсэн УИХ анхаарч тусад нь авч хэлэлцэж, шийдэх ёстой” хэмээн мэдэгдэж байсан.

Тэрбээр  “Эрдэнэс Тавантолгой” компанид 7  тэрбум төгрөгийн хэнд ч хэрэггүй техник хэрэгсэл шахсан асуудлыг УИХ-ын байнгын хороонд гаргасан байдаг. Тодруубал, “Эрдэнэс Тавантолгой”-н Зүүн цанхийн уурхайд  энэ долоон тэрбумыг арав дахин өсгөсөн хэмжээтэй буюу 70 тэрбум төгрөгийн уул уурхайн тоног төхөөрөмж нийлүүлэх тендерийг “Моннис Интернэшнл” ХХК хууль бусаар авсан тухай мэдээлэл гарсан. Түүнчлэн “Моннис Интернэшнл” ХХК  “Эрдэнэс Тавантолгой”-д “Уул уурхайн тоног төхөөрөмж нийлүүлэх гэрээ”-г удаа дараа хийсэн байна.  Улмаар тендерийн бичиг баримтын дагуу АНУ-аас нэг бүр нь 6.6 тэрбумын үнэтэй  таван ширхэг автосомасвол нийлүүлэхээр 33.3 тэрбум төгрөгийн санхүүжилт авсан ч, гэрээнд заасан хугацаанаас хожимдуулан БНХАУ-аас хямд үнэтэй, чанарын шаардлага хангахгүй автомашин нийлүүлснээс болж байнга эвдрэл гарч, хоёр ширхэг автомашин нь өнөөдрийн байдлаар ажиллахгүй байгаа гэх мэдээлэл ч гарч байсан. Ямартай ч очсон даруйдаа “Эрдэнэс Тавантолгой”-н булхайг дэлгэж байсан Я.Батсуурь өдгөө хоригдож  байгаа юм.

Тэгвэл Я.Батсуурийг саатуулах хугацааг сунгасан энэ өдрүүдэд Г.Дэнзэнгийн асуудал сөхөгдөж эхлэх бололтой.  Эх сурвалжийн мэдээлснээр Я.Батсуурийг Г.Дэнзэнгийн эхнэрийн “Говь Пауэр” ХХК-д 4.5 тэрбум төгрөгийг эвлэрлийн гэрээний үндсэн дээр олгосон гэдэг үндэслэлээр цагдан хорьсон гэх мэдээлэл байгаа тухай дээр дурдсан.  Г.Дэнзэнгийн тухайд “Н.Алтанхуягийн хүргэн дүү Г.Дэнзэн Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд даргын суудлаа ашиглан  эхнэрийнхээ компанийг Хятад руу нүүрс экспортлох тендерт ялуулав. “Эрдэнэс Тавантолгой” ХK-иас “Говь нүүрс” хэмээх компани 17 тэрбумын тендэр авч нүүрс гаргахаар болсон. Уг компани нь ерөнхий сайд Н.Алтанхуягийн төрсөн эгчийн охиных гэнэ. Тэр охин нь Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга Г.Дэнзэнгийн эхнэр гэнэ” хэл аманд хэдийнэ өртсөн нэгэн.

Хэдийгээр Г.Дэнзэн “Би ажил үүргийнхээ хуваарийн дагуу “Эрдэнэс Тавантолгой” компанийн дотоод үйл ажиллагаанд оролцох ямар ч эрх байхгүй. Гэтэл сүүлийн үед намайг Тавантолгойн тендертэй холбоотой мэтээр гүтгэх боллоо. Үүнийг би ор үндэсгүй гүтгэлэг гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна” хэмээн мэдэгдсэн байдаг ч дээрх үйл явдал тийм ч амархан дуусахгүй бололтой. Ямартай ч Я.Батсуурийн араас Г.Дэнзэнг явуулах эсэхийг харах л үлдлээ.

П.ТУУЛ

Эх сурвалж: www.info.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.