Comment.mn

Сонгуулийн үнэртэй шоу


                                                                                                                                                                     Төрийн ордон эзгүйрчээ. Бараг хаалга болгон түгжээтэй бололтой. Даангүй УИХ-ын эрхмүүд хаалгаа хаагаад алга болж.

Сураг тавилгүй дээ. Сар шинэ хуучраагүй болохоор тав гурван айлаар орох, ах дүүстэйгээ золгох учир хэнд ч байлгүй яахав. Гэхдээ тэр нь гол биш. Сонгууль болох “нохойн дуу” дуулдаад эхэлсэн цаг.
Эрхэм түшээд бултаараа хөшилдөөд хөдөө явж. Нийслэлээс нэр дэвшсэн гишүүд ч бас л айлаар оромхой, амьтан хүнтэй уулзаатай нь аргагүй яваа. Тэдний тухай элдэв хачиртай, хжиртай яриа ямар мундах биш янз бүрийн юм л дуулдах чинь билээ. Д.Арвин гишүүн тойрогтоо очоод ажилсагаа гайхуулан эмнэлэгт цэвэрлэгч хийж явсан мэдээлэл сонин л байлаа.
Энэ хүний хувьд тойрог сольж аальгүйтсэн. Дараа нь намаа сольж балайрсан гээд “юмтай” л нөхөр. Унаган нутаг гээд Хэнтийд сонгогдож гайгүй л байсан даа. Даанч юм юманд оромхой хэрнээ буцамхай нь дийлдэг болоод нутгийнхаа дээдчүүлтэй тар тур хийж нэрээ хугалсан гэдэг. Хэдэн хатны ч билээ өргөө бүтээж өөрийнхөө хөргийг тэдэнтэй зэрэгцүүлэх санаа байсан ч бүтээгүй юм гэнэ лээ.
Тэгээд Хэнтийгээсээ “оргож” Баянзүрхэд “бэр болсон” гараатай л “гар даа”. Одоо эмнэлэгт очиж цэвэрлэгээ хийснийхээ дараа тус дүүрэгт айл болгоны хаалга онголзуулж яваа сурагтай шүү. Ер нь УИХ-д тал талын авьяастнууд олон л доо. Дуулж, хуурддаг нь цөөнгүй. Баргаараа казинодно. Гадаадад яваа сураг нь л тийм.
Уяач хэмээн хулхидаж алдарт, манлай болсон нөхөд ч бүлэг байгуулчихаар тоотой байгаа. За тэгээд сонгууль дөхсөн болохоор хэнээс нь ч ямар авьяас билгэ тодорч магадгүй л дээ.
Л.Эрдэнэчимэг гэж дуу бүжгийн чуулгынхныг ичээхээр сүрхий бүжигчин юм. Тэр гудамжаар ч биелгээ хийж яваа бололтой дуулдав. Уг нь болохгүй нь юу байхав. “Ардын засгийг байгуулахад хүн бүрийн хүчин зүтгэл хэрэгтэй” гэж их жанжны хэлсэнчлэнгээр хэн юу чаддагаа үзүүлэх нь хэнд хамаа байнаа.
Тэглээ, ингэлээ, бүжиглэлээ, дууллаа гээд эвэртэй туулай харсан юм шиг байх юм. Авьяастай нь тэрнийгээ үзүүлэг л дээ. Сэтгүүлч Г.Уянга гишүүн болсноосоо хойш их юм уншдаг болсон биз. Ямар ч асуудал хэлэлцсэн эргэцүүлж бодох, хэлэх юмтай л байдаг нь олзуурхмаар.
Түүний далд авьяас үе үе илрэх болсон нь яруу найрагчийн дүрд хувирч байгаагаар харагдаад байгаа. Телевизийн шоунд оролцохдоо дөрвөн мөрт шүлгийн уралдаанд дөмөгхөн оролцсоныг хүн бүр л харсан биз. Ер нь бие нь жижиг ч тэмцэгч чанар нь том шүү дээ түүний.
УИХ-ынхан тойргоос сонгогдсон гэлтгүй бүгд л хөдөөлсөн сураг байна. Д.Зоригт Өвөрхангайнхныхаа зургийг авч өгөөд л. Хажууханд нь Д.Лүндээжанцан вакум орчинд “сан тавьж” өөрийгөө таниулаад л яваа байх.
Тэгвэл Б.Наранхүү Дундговьт тойргийнхонтойгоо машины тэвш дүүрэн “Ямаха” аччихсан золгож. Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нар Увсдаа очоод хөтлөлцчихсөн урьдын сонгуулиар хийсэн “юм”-аа эртхэн амжуулж яваа болов уу. Ерөөс түшээдийн ямар ч үйлдэл өөрийгөө үнэлүүлэхийн төлөө л яваа байх.
Сонгогчид яаж хүлээж авах нь хамаагүй тэд хийдгээ хийж чадна. Харин бүжиглэлээ ч, дууллаа ч бас айлын гэрт очоод шалыг нь цэвэрлэж өглөө ч бүгдээс нь 2016 оны сонгуулийн үнэр ханхийж байгаа.
Сонгуулийн хуулиа удахгүй бэлэн болгоно. Тэрэнд нь томсгосон тойрог жижигсэж орж ирэх учир хэн нь ч намын жагсаалтад найдаад нэмэргүйн учир түшээ бүхэн тойрог “ангууч­лах” болоод байгаа юм.
Тойрог сольж тоглодог Р.Амаржаргал бас огт өөр аймагт яваа байх. Лав Сүх­баатар дүүрэгт дахиад нэр дэвшихгүй л дээ. Ер нь нэг тойрогт улирч нэр дэвшихийг “цээрлэдэг” хүн байгаа юм. Одоо бүр Дорнод, Сүхбаатарт ч явж байж мэдэх. Сонгуулийн үнэртэй шоу гэж…
Д.Бичээчхүү

Эх сурвалж: www.zuuniimedee.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.