Comment.mn

БСШУЯ-ны Хэрэгжилтийн багийн гишүүд Хан-Уул дүүрэгт ажиллаа


   2014-2015 оны хичээлийн жилд үндэсний хэмжээнд хэрэгжиж буй бага боловсролын сургалтын цөм хөтөлбөрийн хэрэгжилт Хан-Уул дүүргийн төрийн ба төрийн бус өмчийн сургуулиудад хэрхэн хэрэгжиж ямар үр дүнд хүрч байгаатай танилцахаар БСШУЯ-ны Хэрэгжилтийн багийн гишүүд 02 дугаар сарын 25-27-ны өдрүүдэд Хан-Уул дүүрэгт ажиллажээ. Энэхүү үйл ажиллагаанд Хан-Уул дүүргийн Боловсролын хэлтсийн дарга, мэргэжилтнүүд бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцон, багш нарын хичээлд сууж ажиглалт хийн зөвлөн тусалсан байна. Дүүргийн хэмжээнд бага боловсролын сургалтын цөм хөтөлбөр хэрхэн хэрэгжиж байгаа талаар нэгдсэн дүнгийн хурал өнөөдөр буюу 2 сарын 27-нд дүүргийн хурлын зааланд зохион байгуулагдаж байгаа бөгөөд хурлын үеэр дүүргийн боловсролын хэлтэс сургууль, цэцэрлэгүүдтэйгээ хамтран цөм хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэн ажиллаж байгаа бөгөөд эцэг эхийн оролцоог нэмэгдүүлэх, багш удирдлагуудын хамтын ажиллагааг нэмэгдүүлэн Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх чиглэлээр олон талт ажлууд хийгдэж, тодорхой үр дүнд хүрч байгааг нь БСШУЯ-ны Хэрэгжилтийн багийн гишүүд сайшааж байлаа.

   Ингээд тус хурлын үеэр Хан-Уул дүүргийн Боловсролын хэлтсийн дарга С.Эрдэнэчимэгтэй  цөөн хором ярилцсанаа уншигчиддаа хүргэе.

  • Танд энэ сайхан өдрийн мэндийг хүргье. Өнөөдрийн арга хэмжээний талаархи мэдээллийг эрхэм уншигчдад маань хүргэх үү?
  • Өнөөдрийн энэ үйл ажиллагаа бол БСШУЯ-ны хэрэгжилтийн багийн хамт олон сүүлийн өдрүүдэд манай дүүргийн бүх ЕБС-дад хэрэгжиж буй цөм хөтөлбөрийн хэрэгжилтийн явцтай танилцаад зөвлөн туслах үйлчилгээ үзүүлсэнтэй холбоодтой нэгдсэн үйл ажиллагаа болж байна. Мэдээж хэрэгжилтийн багийн хамт олон бүх ЕБС-дын хөтөлбөртэй танилцаж явах үеэрээ тухайн сургуулиуд дээр хэлэлцүүлэг өрнүүлж санаа бодлоо хуваалцаад явж байсан л даа. Харин яг одоо энэ танхимд бол тухайн бүх сургуулиудтай танилцаж гаргасан судалгаа шинжилгээ, тойм дүн мэдээгээ нэгтгээд ерөнхий байдлаар бүх сургуулиуд болон сургуулын удирдлагууд, багш сурагчдад хандсан зүйлсээ хэлэлцэх үйл ажиллагааг зохион байгуулж байгаа юм.
  • Өнөөдрийн энэ арга хэмжээний ач холбогдлын талаар?
  • Энэ үйл ажиллагааны хамгийн гол зорилго нь өнгөрсөн 9-р сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн “Бага боловсролын цөм хөтөлбөр”-ийн явц хэр байна, ямар үр дүнтэй хэрэгжиж байна гэдгийг тоймлож нэг харах санаатай юм. Тэгээд өнөөдрийг хүртэл хэгэржсэн хөтөлбөр маань хүүхэд багачууд, сурагчдад ямар үр өгөөжтэй байна. Мөн ямар сул тал байгаа талаар ч харах гэсэн өндөр ач холбогдолтой юм.
  • БСШУЯ-ны хэрэгжилтийн багийнхны танилцуулсан тоон үзүүлэлтүүд, судалгаа шинжилгээг сая харж байхад, өнгөрсөн жилээс харьцангүй ахисан тийм үзүүлэлтүүд гарч байна л даа. Тэгэхээр энэ хөтөлбөрийн үр дүн гэж та ойлгож байна уу?
  •  Мэдээж хөтөлбөрийн ач холбогдол байгаа юм. Нэгж бүр дээр маань ингэж өндөр үзүүлэлттэй гарч байна гэдэг нь яахын аргагүй энэ хөтөлбөрийн ач холбогдол, үр дүн өндөр байгаагааг харуулж байгаа хэрэг. Хэрэгжилтийн багийн хувьд манайхтай тогтмол хамтарч ажилладаг. Өнгөрсөн жилийн хувьд 115-р сургууль дээр бүтэн жил ажилласан. Харин энэ жилийн хувьд бүх сургуулиудтай маань хамтарч ажиллаж байгаа юм. Тиймээс өнөөдрийн энэ арга хэмжээнээс гарч байгаа заавар зөвлөмжийн дагуу манай дүүргийн боловсролын байгууллагууд илүү их хичээж ажиллахаар энэ оны төгсгөлд бид бүхэн улам их амжилттайгаар энэ хөтөлбөрийг хэрэгжүүлсэн байх болно итгэлтэй байна аа.
  • Дүүргийн боловсролын хэлтсийн хувьд, энэ жил ажлын гараа хэр байна даа?
  • Мэдээж яам болон дүүргийн бодлого төлөвлөгөөг эрхэм болгож, өөрийн байгууллагын бүтэн жилийн төлөвлөгөөг гаргаж ажиллаад явж байна. Энд онцолж хэлэх нэг зүйл байгаа нь “Хүүхдэд ээлтэй хануул” хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн байгаа, мөн БСШУЯ-аас таван сургууль дээр мөн адил төсөл хэрэгжиж эхэлсэн байгаа. Эдгээр төслүүдийн ач холбогдол нь яам болон нийслэл, дүүргээс хэрэгжүүлж буй үйл ажиллагаануудыг эрчимжүүлсэн өндөр ач холбогдолтой байгаа юм.
  • Энэ дашрамд танаас уламжлал болсон нэг асуултанд хариулт авах гэсэн юм. Нэгэн үе хүүхэд багачууд маань сургууль, цэцэрлэгт дургүйгээс болоод хичээл завсардалт, таслалт их байсан. Харин сүүлийн жилүүдэд энэ үзэгдэл багассан судалгаа байдаг. Танай дүүргийн хувьд энэ үзэгдэл хэр байдаг бол?
  • Манай дүүргийн хувьд ерөнхийдөө сүүлийн хоёр жилд сургууль завсардалт байхгүй болсон. Яахав хичээлдээ дургүй ч юмуу хааяаа нэг таслалт бол ар гэрийн орчин нөхцөл, аж амьдралын байдлаас болоод мэр сэр байсаар байгаа. Харин энэ хөтөлбөр маань бага боловсрол дээр хэрэгжсэнээр хүүхдийн хичээлдээ дургүйлэх, зожигроод явах гэдэг байдал маань багасаад хандлага нь сайжраад, сургууль цэцэрлэгтэй элэгтэй болоод ирсэн нь сайшаалтай байгаа юм. Ингээд манай дүүргийн хувьд сургууль завсардалт гэдэг зүйл байхгүй байгаагаараа онцлог юм.
  • Баярлалаа, танд болон танай хамт олон ажлын амжилт хүсэн ерөөе.
  • Баярлалаа, бидний хийж хэрэгжүүлж буй үйл ажиллагааг олон түмэнд мэдээлж байгаа танай хамт олонд талархал дэвшүүлье.

Эх сурвалж: www.dorgio.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.