Монголын хошин урлагийн гавьяат цолтон тун удахгүй нэгээр нэмэгдэх нь гэсэн таатай мэдээ сар шинийн баяр ойртсон энэ өдрүүдэд тун хүчтэй тархаж байна. Тэрхүү шуугианы эзэн бол ард түмэндээ “Амбий” хэмээх нэрээр хүндлэгдсэн жүжигчин Ц.Батхуяг юм.
Уншигч, үзэгчид маань Амбийг аль хэдийн “Гавьяат” болсон хэмээн боддог. Гэвч авьяаслаг жүжигчин маань СТА цолтнуудын нэг хэвээрээ л байгаа юм. Түүнийг мэргэжил нэгтнүүд, хошин урлагийнхан нь “Гавьяат” цолонд тодорхойлоод байгаа аж. Тэрбээр сүүлийн жилүүдэд хошин урлагийн тоглолтод үзэгдэх нь ховордсон ч дэлгэцийн бүтээлүүдэд чамгүй амжилттай яваа билээ.
Нээлтээ хийгээд удаагүй ч ашиг орлогоороо тайз дэлгэцийн бүтээлүүдийг тэргүүлэх болсон “Танхай тээгч”, “Тютю”, “Содура” зэрэг кинонд аль хэдий нь гол болон туслах дүрүүдийг бүтээгээд амжсан байна.
Жүжигчин Амбийгийн аав нь насаараа Дорнод аймгийн театрын тайз чимэглэлийн эрхлэгч хийсэн нэгэн. Тиймээс ч Амбий нь урлагийн гэрт өсч, хүмүүжсэн цаанаасаа л урлагаар “өвчлөх” хувьтай нэгэн байж.
“Амбий” гэдэг нэрийн тухайд, бага байхад хүмүүс өхөөрдөөд “Памбий” гэж дууддаг байсан бөгөөд энэ нь явсаар “Амбий” гэх хоч болсон гэдэг. Түүний хувьд угаас хөдөлгөөнтэй нэгэн байж. Бага залуудаа автомашины наймаа хүртэл эрхэлдэг байсан гэж найзууд нь дурсдаг. Автомашины бизнес эрхлэх хугацаандаа “хамгийн түрүүнд мөнгөтэй болвол байр л авах юмсан” гэж мөрөөдөж байсан тухайгаа өөрөө ярьсан байдаг. Тэгвэл энэ мөрөөдөл нь биелж өнөөдөр “Japan town” хороололд амьдарч байгаа юм.
Мөн Амбийг “Шинэ үе” продакшнийг байгуулж байсан анхдагчдын нэг юм.
эх сурвалж: www.Arslan.mn