Улмаар “Элемент” компанийг татан буулгах тухай салбар хариуцсан яамны хэмжээнд яригдаж, НМХГ-аас мөнгөн торгууль ногдуулснаар энэ асуудал тэгсхийгээд намжсан. “Элемент” компанийнхан ч буруугаа хүлээж, гэрээний дагуу ажил үүргээ гүйцэтгэхээ илэрхийлсэн байдаг.
Улмаар Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга А.Эрдэнэтуяа, “Элемент” компанийн захирал З.Баярсайхан нарын гарын үсэгтэй гэрээний сунгалтыг 2014 оны зургадугаар сарын 3-нд хийжээ. Хачирхалтай нь, энэхүү гэрээг Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан А.Эрдэнэтуяа хууль зөрчин байгуулсан байх юм. Угтаа бол Эрүүл мэндийн яам, нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран “Элемент” компанийн үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийсний дараа гэрээг албан ёсоор үзэглэх учиртай байжээ. Гэвч А.Эрдэнэтуяа өөрийн эрх мэдлийн хүрээнд дур мэдэн гэрээ байгуулсан нь энэ аж. Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан А.Эрдэнэтуяа ийнхүү анхны гэрээний нэг оролцогч буюу нийслэлийн Засаг даргын Тамгын газраас төлөөлөл оролцоогүйгээс гадна гэрээнд хоёр ч хууль зөрчсөн зохицуулалтыг мөн оруулжээ.
Тодруулбал, гэрээний 2.1.8-д “Эрүүл мэндийн яам, Улаанбаатар хотын Захирагчийн алба, Эрүүл мэндийн газарт улирал тутамд эрүүл мэндийн байгууллагаас хүлээн авсан хог хаягдлын хэмжээ болон бүх үзүүлэлтээр мэдээ, тайланг гарган хүргүүлнэ” гэх заалтыг нэмж оруулсан аж. Гэтэл энэ нь гэрээний оролцогч биш этгээдийн өмнө үүрэг хүлээсэн шинжтэй буйгаараа журам зөрчсөн байна. Мөн 2.2.4-д Улаанбаатар хотын Захирагчийн албатай өмнө нь хийсэн гэрээний дагуу гарч буй хог хаягдлыг ландфил хийх талбайгаар хангана хэмээн заасан нь гэрээний оролцогч биш гуравдагч этгээдэд үүрэг хүлээлгэжээ. Өөрөөр хэлбэл, “Элемент” компанийнхныг гэрээгээр хүлээсэн үүргээ гуравдагч этгээдээр гүйцэтгүүлэхээр тусгасан нь хоёр яамны сайдын хамтарсан тушаалыг зөрчсөн байна. Нөгөөтэйгүүр, гэрээг байгуулахдаа ямар нэгэн сонгон шалгаруулалтгүйгээр зөвхөн нэг хуулийн этгээдэд өөрийн эрх мэдлээ ашиглан давуу байдал олгож гэрээ байгуулсан нь Өрсөлдөөний тухай хуулийг зөрчиж байгаа аж.
Мэдээж эмнэлгийн тусгай хог хаягдлыг ном журмынх дагуу ариутгаж, устгалд оруулах нь зүйн хэрэг. Түүнийг хэрэгжүүлэх, зохицуулалт хийх нь салбар хариуцсан яамны эрх мэдлийн асуудал. Гагцхүү хуулийн дагуу явах ёстой. Харин хэн нэгэн албан тушаалтан өөрийн үзэмжээр хандах асуудал огт биш. Гэтэл А.Эрдэнэтуяа дур мэдэн гэрээ байгуулсан нь цаанаа шалтгаантай бололтой. Учир нь, “Элемент” компанитай үргэлжлүүлэн гэрээ байгуулах эсэхийг А.Эрдэнэтуяа Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа төдийлөн авч хэлэлцдэггүй байсан гэдгийг яамныхан нь хэлж байгаа юм. Бараг л эмнэлгийн тусгай хог хаягдлыг ном журмынх нь дагуу устгалд оруулдаггүй булчихдаг компанитай гэрээгээ цуцлах хүртэл тухай ярьж байсан гэх.
Гэтэл нэг л өдөр яаравчлан нийслэлийн Засаг даргын Тамгын газартай ч зөвшилцөлгүй “Элемент” компанитай гэрээ байгуулсан нь түүний албан тушаалтай холбоотой байсан аж. Товчхондоо түүнийг Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалаас чөлөөлөх асуудлыг ярьж эхлэх үеэр тэрээр энэхүү гэрээг яаравчлан байгуулсан байдаг аж. Угтаа бол “Элемент” компанийнхан эмнэлгийн тусгай хог хаягдлыг Улаанчулуутын хогийн цэг дээр хаяж “гэнэдсэн” болохоос ариутгал, халдваргүйжүүлэлт хийсэн болоод шороонд булчихдаг тухай мэдээлэл бишгүй явдаг. Үүнийг нь А.Эрдэнэтуяа Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа сонсч л байсан байх. Гэтэл цаашид хамтран ажиллахгүй бүр гэрээг нь цуцлах тухай ярьж байсан тэрээр яагаад үргэлжлүүлэн ажиллахаар болсон нь хачирхалтай биш гэж үү. Төрийн нарийн бичгийн даргаа ийм үйлдэл хийж явахад салбар хариуцсан сайд нь хаана, юу хийж явав. Эсвэл мэдсэн ч мэдээгүй юм шиг дүлий дүмбэ оргив уу. Мэдээж нийслэлийн Захирагчийн албаны төлөөллийг оролцуулаад гэрээгээ үргэлжлүүлэх талаар ярилцсан бол арай өөрөөр харж, ойлгох байлаа. Гэвч албан тушаал нь ганхаж эхлэх үед албан тушаалаа ашиглан хууль зөрчиж гэрээ байгуулсан нь цаанаа ямар нэгэн учир шалтгаантай байгаа болов уу.
Ямартай ч, төрийн өндөр албан тушаал хашиж байсан эрхмүүд ажлаа өгөхөөс урьтаж ямар нэгэн хууль бус шийдвэрийг гаргадаг буруу жишиг тогтоогоод удаж байгаагийн энгийн жишээг дурдахад ийм байна. Нэгэнтээ Эрдэс баялаг, эрчим хүчний дэд сайдаар ажиллаж байсан эрхэм албан тушаалаасаа буухдаа шатахууны үнийг нэмэх эрхийг нефть импортлогчдод олгож байв. Үр дүнд нь шатахууны үнэ хоногийн дотор 200 төгрөгөөр нэмэгдсэн. Үүнийг нь Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас хууль бусаар нэмсэн гэж үзэж тэдэнд 17 тэрбумын торгуулийг ногдуулсныг олон нийт санаж байгаа байх. Гэтэл ШӨХТГ-ын газрын дарга нь ажлаа өгөхөөс хэд хоногийн өмнө гаргасан шийдвэрээ мөн л хүчингүй болгосон байдаг. Гэвч төрийн албанд тогтсон энэхүү гаж тогтолцоог Эрүүл мэндийн яамны экс Төрийн нарийн бичгийн дарга ийнхүү үргэлжүүлжээ.
Эх сурвалж: “Үндэсний шуудан” сонин