Х.Батсуурь
Гадна, дотны хэвлэлд мэдээлснээр Монгол Улс 2017 онд дампуурлаа зарлах магадлал өндөр байгаа аж. Тэр дундаа Хятадын Шинхуа агентлагаас саяхан гаргасан Монгол Улс 2017 оны дөрөвдүгээр сард дампуурлаа зарлаж магадгүй гэсэн мэдээг монголчууд бид ихэд эмзэглэн хүлээн авсан. Үнэндээ бол үүнд эмзэглээд байх шаардлага огтхон ч байхгүй, учир нь энэ бол бодит үнэн. Монголын эдийн засгийн хүндрэл болоод дампуурлын ирмэг дээр байгааг шинжээчид, тэр дундаа гадны шинжээчид сайн мэдэж байгаа, тэд зориудаар л биш бол цээжний бангаар залах нь үгүй.
Яг одоогийн байдлаар Монгол Улс эдийн засгийн хувьд уналтад, бүүр дампуурлын ирмэг дээр байгааг манай шинээр байгуулагдсан Засгийн газрын ард түмэндээ утасны мессежээр шаардсан тулгалт, энд тэндээс гуйлга гуйгаад яваа үйл ажиллагаа өөрөө батлаад өгсөн. Магадгүй 2017 оныг хүргэхгүй бүүр наана нь ч дампуурах боломжтой. Гэхдээ мэдээж тийм байдалд хүргэхгүй улс төр, эдийн засгийн шалтгаан бий учраас эрх баригчид ямар ч үнээр хамаагүй сонгууль өнгөрөөх гэж оролдох нь тодорхой. Газраа өмчлөх, хувьчлах, одоо хуримтлагдаад буй 21 тэрбум ам.долларын гадаад өрөн дээр нэмж өр тавих, уурхайн томоохон ордуудыг гадныхны хүссэн үнээр, тулгасан болзлоор нь өгөх, үржил шимтэй газар, тариалангийн талбай, малын бэлчээрүүдээс “урт хугацааны, 50,60, 70 жилийн түрээс” нэрээр худалдах, ус цахилгаан, нийгмийн даатгал, эрүүл мэнд зэрэг хүний амьжиргааны үндсэн хэрэгцээг хангах эх үүсвэрүүд, үйлчилгээг хувьчлах, зарах зэрэг нь 2016 оны сонгуулийг өнгөртөл улсыг дампууруулахгүй байхад бидний төлөх үнэ, цэнэ байж болох юм.
Шинхуа агентлаг яагаад Монголын Засгийн газрын дампуурлын хугацааг 2017 оны дөрөвдүгээр сар хэмээн онцолсон бэ гэвэл чухам тэр л цаг хугацаанд тухайлбал 2017 оны гуравдугаар сард Монгол Улс Хөгжлийн банкны зээл болох 600 сая ам.долларын өрийг төлөх ёстой бөгөөд энэ төлбөрийг Монголын эдийн засаг давах чадваргүй гэж тооцсон учраас л тэр. Маргаангүй зөв тооцоо. Бидний тооцоо ч гэсэн дампуурал бодитой гэдгийг баталж байгаа юм. 2015 оны төсөвт суулгаснаар энэ жил манай улс 700 орчим сая төгрөгийг өрийн үйлчилгээндээ зарцуулна. Гэвч энэ тоо бас бодит бус, учир нь долларыг 1750 төгрөгөөр тооцсон бөгөөд хэрэв бид долларыг өнөөдрийн бодит ханш 1960 төгрөгөөр тооцвол өрийн үйлчилгээний төлбөр багадаа л гэхэд 800 сая төгрөг болох бөгөөд төсвийн орлогын 12 хувь болно. Харамсалтай нь 12 хувь гэдэг өндөр тоо Засгийн газар өрийн дарамтад ороод буйг харуулсан харьцаа.
Одоогийн эдийн засгийн байдал, өр төлбөрийг хархад манай улс ойрын жилүүдэд эдийн засгийн хямралтай байх нь тодорхой бөгөөд гадаад өрийн төлбөр ч улам нэмэгдэх магадал өндөр, чухам өрөө ихэсгэх, өрийг өрөөр дарах Африкийн замыг Засгийн газар сонгосон. Энэ нь 2016-2017 онд төсвөөс хуваарь ёсоор гарах өрийн үйлчилгээний төлбөр нэмэгдэнэ үү гэхээс багасахгүй гэсэн үг. 2017 оны гуравдугаар сард Монгол Улс төлөх ёстой 600 сая ам.доллар нь одоогийн ханшаар (төгрөгийн ханш улам унах төлөв бий) тооцвол ойролцоогоор 1.2 их наяд төгрөг болно, энэ нь тухайн жилийн төсөвт өрийн үйлчилгээний төлбөртөө хамгийн багадаа их наяд (0.8+1.2) төгрөгийг суулгаж өгөх хэрэгтэй болно гэсэн үг. Тэгвэл бид 2017 оны төсвийг өнөө жилийнхтэй ойролцоо 6.6 их наяд байна гэж үзвэл төсвийнхөө 30 хувь буюу хоёр их наядыг зөвхөн өрийн үйлчилгээнд өгөх шаардлага гарна гэсэн үг. Энэ бол эдийн засгийг шууд дампууралд оруулах харьцаа. Мэдээж хэн нэг нь 2017 онд төсөв өнөөгийх шиг 6.6 их наяд байхгүй, өснө гэх байх л даа. Засгийн газрын гадаад өр нь ДНБ-ийхээ 60 хувь, нийт гадаад өр нь ДНБ-ийхээ 183 хувь байгаа, цаашид улам өсөн нэмэгдсээр байгаа нөхцөлд эдийн засаг өсөх, төсөв нэмэгдэх талаар ярих, бодох боломж үгүй, харин буурах магадлал нь илүү. Бид төсвөө сүүлийн 8-10 жилийн дундаж өсөлт болох 25 хувийн өсөлтөөр, ихэд сайнаар төсөөлөн 2017 онд 8.2 их наяд болгон өсгөж бодсон ч хоёр их наядын өрийн үйлчилгээний төлбөрийг давах боломж үгүй юм. Энэ бол үнэндээ тун таагүй мэдээ, гэвч таагүй мэдээ ингээд дуусч байна уу гэвэл үгүй, харамсалтай нь. Хэрэв өөрчлөгдөөгүй бол одоо төсөвлөсөн байдлаар бид 2018 онд Чингис бондын эхний ээлжийн 500 сая долларыг, 2022 онд хоёр дахь ээлжийн нэг тэрбум ам.долларыг, 2023 онд Самурай бондын 300 сая ам.долларын өрийг тус тус хуваарийн дагуу барагдуулах ёстой. Бид эдгээр бондууддаа нийт 3.2 тэрбум ам.долларыг төлөх ёстой. /хүснэгтээс харна уу/
Монголын эдийн засгийг хувийн хэвшил авч явж байна, хувийн хэвшил ДНБ-ий 80 хувийг бүрдүүлж байгаа гэж бид сурталчлах дуртай. Энэ үнэн бол бид зөвхөн Засгийн газрын гадаад өрийг яриад байх нь гол асуудлыг орхигдуулаад байна гэсэн үг. Өнөөдөр Монголын эдийн засгийн гол түүчээ болсон гэгдэж буй хувийн хэвшлийн гадаад өр харанга дэлдүүлэх хэмжээнд байгаа бөгөөд 16 тэрбум ам.доллар буюу ДНБ-ий 140 хувьтай тэнцэхээр байгаа нь ноцтой асуудал.Хувийн хэвшлийн өр бүр илүү эрсдлийг дагуулж байгаа
Хувийн хэвшлийн энэ их өрний талаарх дэлгэрэнгүй мэдээлэл, тухайлбал зээлийн хүү, хугацаа, хэнээс, хэн авсан ямар зээл болох талаарх тоо баримт тун хомсдолтой байгаа. Гэвч түүхэн жишгээс үзвэл зээлийн хугацаа ойролцоогоор 8-10 жил, төлбөрийн хүү нь дунджаар 7-12 хувь орчим байх магадлалтай.
Манай улсын өр зээлийн статистикаас хархад 2009 онд дөнгөж 920 сая байсан хувийн хэвшлийн өр 2010 онд даруй 4.3 дахин ихэсч $4 тэрбум болж өссөн бөгөөд улмаар нэмэгдсээр 2014 оны эцэс гэхэд $16 тэрбум болсон байна. Хувийн хэвшлийн өр, зээлийн огцом өсөлт нь манай улсад уул уурхайн бүүм болж байсан он жилүүдтэй давхцаж байгаа юм (графикийг харна уу).
*2015 онд Монгол Улсын гадаад өрийн хэмжээ нэмэгдэнэ.
Хэрвээ хувийн хэвшлийн энэ их зээлийг дунджаар 8-10 илүү жилийн хугацаатай гэж үзвэл зээлийн төлбөрийн эцсийн хугацаа нь 2017-2023 онуудад таарч, засгийн газрын зээлийн төлбөрийн хүндрэлийн жилүүдтэй давхцаж байгаа нь тун чиг тааламжгүй явдал.
$16 тэрбум долларын өрийг дунджаар найман жилийн хугацаатай авсан найман хувийн хүүтэй зээл гэж үзвэл, өнөөдөр бид жилдээ зээлийн өрийн хүүд $1.28 тэрбум доллар, үндсэн зээлийн төлбөрт $2 тэрбум, нийт $3.28 тэрбум долларыг зөвхөн зээлийн өрийн үйлчилгээнд төлж байх боломжтой. Үндсэн зээлийн төлбөрийн хувьд цаг хугацааны хувьд л наана цаана байж болхоос тоон дүн өөрчлөгдөхгүй. Тэгвэл үүн дээр бид дээр дурдсан засгийн газрын зээлийн өрийн үйлчилгээний $0.8 тэрбум долларыг нэмвэл Монгол Улсын эдийн засаг нийт $21 тэрбум долларын гадаад өрийн үйлчилгээндээ жилд зөвхөн хүүнд нь $2 тэрбум ($1.28+0.8) гаруйг, үндсэн төлбөрийг оролцуулаад $3.28 – $4 тэрбум долларыг нийт өрийн үйлчилгээндээ төлж байх боломжтой (цаана нь Засгийн газрын бондуудын үндсэн төлбөрүүд бий гэдгийг санах хэрэгтэй). Мэдээж хувийн хэвшлийн зээлийн нөхцөл, хүү болоод үндсэн зээлийн төлбөр хэзээ хийгдэх гээд олон зүйлээс шалтгаалан энэ тоо өөр гарна, гэвч жишгээс хол зөрөхгүй.
Дээрх өр, зээлийн тоймыг хураангуйлан хэлхэд манай улсын хувийн хэвшлийн өр $16 тэрбум долларт хүрээд байгаа нь тун ноцтой асуудал бөгөөд бидний ДНБ-ий 40% хувиас хэтрэхгүй байх ёстой хэмээн онцлон ярьдаг Засгийн газрын гадаад өрийн асуудлаас ч илүү эрсдлийг эдийн засагт авчирч буй юм.
Чухам ийм л учраас Ч.Сайханбилэг Ерөнхий сайд болмогцоо хувийн хэвшлийг “бэйлаут” буюу улсаас санхүүжүүлэх замаар дампуурлаас гаргах бодлогыг хэрэгжүүлнэ гэж зарласан. Ч.Сайханбилэг үүгээрээ Монголын хувийн хэвшил тун чиг хүнд байдалд байгааг ил болгон зарласан юм.
Шулуухан хэлхэд энэ их өрийн төлбөрийг хугацаанд нь гүйцэлдүүлэх эдийн засгийн бодит боломж манай улсын хувийн хэвшилд ч, улсын секторт ч байхгүй, ойрын жилүүдэд ч бий болохгүй. Эрх баригчид чухам ямар шийдэл санал болгож байна вэ гэвэл өрийн төлбөрөө хойшлуулах, газар нутаг, байгалын баялгаа зарах, нэмж өр тавих, өөрөөр хэлбэл өрийг өрөөр дарах. Гэхдээ энэ замыг Монгол ганцаараа, анх удаагаа туулж байгаа биш юм. Бидний өмнө, Нигер, Замби, Зимбабве, Сенегал гээд Африкийн бусад улсууд яг л ийм замаар явж ирсэн, бид араас нь шил даран явж байна.
Засгийн газар маань ОУВС-аас аврал хүссэн. Энэ нь Монгол Улс дефакто дампууралд ороод байгааг харуулсан хэрэг. Мэдээж “стандбай” гэнэ үү хамаагүй ямар нэгэн авралын хөтөлбөрт хамрагдаж хөнгөлөлттэй зээл авна, түүгээрээ гадаад өрийг нэмэгдүүлнэ гэсэн үг. Харин хөнгөлөлттэй зээлийн үнэ, цэнэ өндөр байх болно. Оюутолгой, Тавантолгой, Гацууртын болон бусад ордуудыг гадныханд тулгасан нөхцлөөр нь өгөх, газар, уул ус, эрүүл мэнд, боловсролын салбараа хувьчлах бол бидний төлөх үнэ, цэнийн өчүүхэн хэсэг. Ил, далд хэлбэрээр тулгах бүх болзлуудыг Монголын Засгийн газар биелүүлэх болно.
Товчхондоо Монголын эдийн засгийн аюулгүй байдал, бие даасан хөгжлийн бодлого гэсэн ойлголт үгүй болж, Монголын төр, эрх баригчид маань ард түмнийхээ эрх ашгийн тулд бус харин зээл олгогчдынхоо эрх ашгийн төлөө ажиллах болно гэсэн үг. Өнөөдөр бидэнд нүүрлээд буй бодит байдал энэ юм.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин