Comment.mn

Ш.Энхбат: Гаалийн татвараас болоод тусламжаар өгсөн аппаратаа авч чадаагүй

Ш.Энхбат:  Гаалийн татвараас болоод тусламжаар өгсөн аппаратаа авч чадаагүй Нийслэлд үйл ажиллагаа явуулдаг өрхийн эрүүл мэндийн төвүүдэд “Шээсний шинжилгээний анхан шатны үзлэг хийх аппарат, түүнийг дагалдах хурдавчилсан оношлуур” хүлээлгэн өглөө гэх мэдээллийг энэ сарын эхээр цацсан. Гэвч өнөөг хүртэл эмнэлгүүд оношлуураа хүлээн аваагүй гэнэ. Энэ талаар Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Ш.Энхбаттай ярилцлаа.

-Нийслэлийн өрхийн эрүүл мэндийн төвүүдэд шээсний шинжилгээний төхөөрөмж өглөө гэж байсан. Гэвч өнөөг хүртэл эздэдээ очоогүй гэх юм. Энэ үнэн үү?

-Нийслэлийн Эрүүл мэндийн газар, БНСУ-ын “Руйсанса” корпораци, Хотын хөгжлийг дэмжих “Шинэ тосгон” холбоотой өнгөрсөн оны арваннэгдүгээр сард хамтран ажиллах санамж бичиг Эрүүл мэндийн хөтөлбөрийн гурван талт гэрээнд гарын үсэг зурсан. Эрүүл мэндийн салбарын анхан шатны байгууллагуудын чанар хүртээмжийг сайжруулах төсөл л дөө.Үүний хүрээнд БНСУ-ын “Руйсанса” корпораци Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг өрхийн эрүүл мэндийн 140 төвийг шээсний шинжилгээгээр анхан шатны үзлэг хийх аппарат, түүнийг дагалдах хурдавчилсан оношлуурыг гурван жилийн нөөцтэйгээр хангахаар болсон. Эхний 100 ширхэг төхөөрөмж хоёр долоо хоногийн өмнө Монголд ирсэн. Гэвч бид одоог хүртэл авч чадаагүй. Гаалийн татварыг нь төлж чадахгүй л гацаачихаад байгаа юм л даа.

-Хуульд зааснаар буцалтгүй тусламжийг гаалийн татвараас чөлөөлдөг биз дээ?

-Тийм. Хүмүүнлэгийг тусламжаар оруулж ирсэн барааг татвараас чөлөөлнө гээд хуульд заачихсан байдаг Гэтэл бидэнд ирүүлсэн бичигт НӨАТ-ын тухай хуулийн 13.4- т гадаад улсын Засгийн газар төрийн бус байгууллага, олон улсын болон буяны байгууллага буцалтгүй болон хүмүүнлэгийн тусламжаар авсан барааг НӨАТ- аас чөлөөлөхөөр заасан” гэж байгаа юм. Тэгснээ үүнийхээ араас “боловч” гэж байгаад тайлбар хийгээд явчихсан байх жишээтэй.

-Татварыг нь төрөөс төлүүлж болохгүй байгаа юм уу?

-Гаргаж өгөхгүй л байна Боломжгүй байгаа шүү дээ. Төрийн байгууллагуудын уялдаа холбоо, нэгдсэн бодлого байхгүй нь л харагдаж байгаа юм. Нөгөөтэйгүүр төр, засаг нь тоног төхөөрөмж шаардлагатай зүйлээр нь хангаж чадахгүй. Төрийн байгууллага нь санаачилгаараа олоод ирэхээр Төлбөр төл” гээд нэхэхээр ойлгомжгүй байдал үүсэхээс аргагүй. Хүн бүр хуулиа өөр өөрөөр тайлбарлана. Уг нь аливаа хуулийн эцсийн зорилго Монгол Улсын хүн амын эрх ашгийн төлөө байдаг гэж би ойлгодог.

Шинжилгээний төхөөрөмж гэж байгаа ч эрүүл мэндийн салбарт томоохон өөрчлөлт хийх боломжтой гэж байсан?

-Тийм ээ. Нийслэлд 1.5 сая хүн ажиллаж, амьдарч байна. Тэд эрүүл мэнддээ анхаарал хандуулж, оношилгоо, эмчилгээ хийлгэхийн тулд ихэнхдээ II, III шатлалын том эмнэлэгт очдог. Ингэснээр их хэмжээний ачаалал, уур бухимдал үүсгэж, цаг алддаг. Хүмүүс хүссэндээ тэр эмнэлгийг зорьж байгаа юм биш. Өрхийн эмнэлгүүдэд нь ийм оношилгоо хийх багаж, төхөөрөмж байхгүй болохоор заавал эмнэлэгт хэвтэж шинжилгээ өгөх шаардлагатай болчихоод байгаа юм. Энэ төхөөрөмж богино хугацаанд шинжилж, оношлоод, хариу болон зөвлөмжийг нь тухайн иргэний гар утас руу илгээдэг. Хоёр төрлийн төхөөрөмжийн нэг нь эмнэлгийн зориулалттай, цагт 720 хүний шинжилгээ хийх хүчин чадалтай Нөгөөх нь явуулынх гэж хэлж болно. Хоёр минутад хариуг нь гаргадаг. Хэвтрийн болон хүнд өвчтэй хүмүүст харьяа эмнэлгийн эмч, сувилагч нь гэрт очоод шууд шинжилгээг нь хийгээд хариуг нь гаргаж өгөх боломж бүрдэнэ. Ингэснээр анхан шатны эрүүл мэндийн тогтолцоог улсын хэмжээнд өөрчлөх боломжтой юм Хамгийн энгийнээр тайлбарлахад гэрийнх нь хажууханд ойрхон, өрхийн эрүүл мэндийн төвд шинжилгээг нь хийх учраас иргэд дараагийн шатны эмнэлгүүдэд, давж очиж ачаалал үүсгэхээ болино гэсэн үг.

С.ИЧИНХОРЛОО

Монголын үнэн

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.