ШӨХТГ-аас мэдэгдэл гаргасан байна. Энэхүү мэдэгдэлд Монголын уламжлалт сар шинийн баяр болох гэж буйтай холбогдуулан, иргэд, аж ахуйн нэгж, үзэсгэлэн худалдаа явуулж буй худалдаа эрхлэгчид архи согтууруулах ундааны зар сурталчилгааг хэвлэл мэдээллийн хэрэгсэл тэр дундаа интернетийн орон зайг ашиглан сурталчлах болсон нь хууль бус үйлдэл гэдгийг анхааруулсан байна.
Мөн олон нийтийн сүлжээгээр согтууруулах ундаа сурталчилсан иргэдэд арга хэмжээ авснаа мэдээлсэн байна. Тухайлбал: Иргэн Б. Гантулга нь АПУ ХК-ын “Болор”, “Зөөлөн экс” архийг Монгол Улсын Зар сурталчилгааны тухай, Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийг ноцтойгоор зөрчин, энэ сарын 6-ны өдрөөс эхлэн өөрийн facebook хаягаар сурталчилж байсан тул холбогдох арга хэмжээг авч зөрчлийг таслан зогсоожээ. Энэ асуудалтай холбогдуулан АПУ ХК болон Скай трейдинг ХХК-ийн холбогдох ажилтнуудаас хууль тогтоомжийн дагуу тайлбар авсан байна. Мөн UFC Трейд ХХК-ийн бүтээгдэхүүн “Гэрэгэ” архийг тус компаний дэд захирал Э. Энхбат өөрийн твиттер хуудсаар хууль бусаар сурталчилсан тул зөрчлийг арилгуулан, холбогдох хууль тогтоомжийн дагуу арга хэмжээ авчээ.
Тиймээс интернет хэрэглэгч иргэд, аж ахуйн нэгжүүдэд Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 9.2.1-д “согтууруулах ундаа болон согтууруулах ундааны үйлдвэрийн нэр, тэмдэг, зураг ашиглах замаар согтууруулах ундааг хэвлэл, мэдээллийн хэрэгслэл, кино, интернет, ханын самбар, зурагт хуудас, зар чимэглэл, зорчигчийн тийз болон бусад биет байдлаар гаргах”-ыг хориглосон байдаг бөгөөд, энэ заалт нь иргэд, аж ахуйн нэгжүүдэд хамаардаг, зөрчсөн тохиолдолд холбогдох хуулийн дагуу 10 сая хүртэлх төгрөгөөр торгодог болохыг анхааруулж байна.